Цаг үеийн мэдээ

            ХХААХҮЯ-наас энэ өвөл улсын хэмжээнд 67,6 сая мал өвөлжинө гэсэн тоо гаргажээ. Гэтэл нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрсэн байдалтай байгаа нь өвөлжит хүндрэх гол шалтгаан болсон байна. Тиймээс ихэнх аймгуудад зуншлага тааруу байснаас өвөлжилт хүндрэх нь тодорхой болсон тул малчид малаа цөөлөх оролдлого хийж эхэлсэн байна. Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгийн бэлчээрийн даац өвөл хаврын улиралд 3-5 дахин хэтэрдэг гэсэн судалгаа бий. Өнөөдрийн байдлаар  Өвөрхангай, Завхан аймгийн зүүн талын сумд, Дундговь аймгийн малчид бараг тэр чигээрээ отор нүүдэл хийж аймаг, сум алгасан нүүж эхэлжээ. Тэгвэл нөхцөл байдлыг илүү хүндрэхээс өмнө Засгийн газар болон ХХААХҮЯ махны экспортод тавьж байгаа чөдөр тушаагаа авч, махны үнийг чөлөөлөхыг малчид шаардаж байгаа юм. Малчдын орлогын эх үүсвэр болох махны үнийг Засгийн газар хүчээр барьж байгаа нь малын тоо толгой өсч, бэлчээр сүйрэх нэг шалтгаан болж байна. Тиймээс өвөлжилт хүндэрч байгаа үед гадаад зах зээлээ нээхгүй, махны үнээ чөлөөлөхгүй бол энэ өвөл цасанд дарагдаж, хавар идэх бэлчээргүйгээс олон тооны мал хорогдох эрсдэл нүүрлэсэнийг УИХ, ЗГ-ын гишүүдэд анхааруулж байгаа юм байна.

 

 

Таны сурталчилгаа