Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн н.Жаргалсайхан 2000 онд өндрөөс унаж нугасандаа гэмтэл авсан учир тэргэнцэр дээр суух болжээ. Тэрээ хөгжлийн бэрхшээлтэй хэмээн хүний гар харж суухыг хүссэнгүй, бизнес эрхлэх болсон байна. Жаргалсайхан өөрөөсөө 300 орчим сая төгрөг гарган 150 хүүхдийн ортой цэцэрлэгийг 2015 онд Жаргалант сумандаа барьж ашиглалтад оруулсан байна. Цэцэрлэгийнхээ тоглоомноос эхлээд дотоод гадаад тохижилтын бүх зардлыг тэрээр өөрөөсөө гаргажээ. 2015 ны намар анхны хүүхдүүдээ хүлээн авсан "Хүслэн" цэцэрлэгт өнөөдөр 3 бүлэгт 70 орчим хүүхэд хүмүүжиж байна. Хүйтний ид улирал өнгөрөхөөр уг цэцэрлэгийн хүүхдийн тоо 100 давдаг гэнэ. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 500 орчим хүүхэд байдаг ч сумын хэмжээнд улсын нэг хувийн нэг цэцэрлэг ажилладаг. Улсын цэцэрлэг нь 150 хүүхдийн багтаамжтай ч ачааллаа дийлэхгүй байгаа учир дэргэдээ гэр барьж хүүхэд хүлээн авдаг байна.
"Хүслэн" цэцэрлэгт хүүхдээ өгч байгаа аав ээжүүд сард 35 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Суманд амьдарч байгаа аав ээжүүдийн хувьд энэ нь тийм ч бага төлбөр биш гэнэ. Тус цэцэрлэгийн хувьсах зардлыг улсаас олгодог ч халаалт дулаанаас эхлээд зардал чамгүй гардаг байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувьд хүргэх амлалт бий. Тиймээс ирэх хичээлийн жилд "Хүслэн" цэцэрлэгийг улс худалдан авахаар болжээ.