Тэр бол Их монгол улсыг байгуулагч, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч, улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин. II мянган жилийн түүхэн хүн билээ.
Төрсөн огноо: 1162
Төрсөн газар: Өнөөгийн Монгол улс, Хэнтий аймаг Дадал сум
Их хатан: Бөртэ үжин
Өнгөрсөн газар: Их Монгол улс
Бүтэн нэр: Чингис хаан, Тэмүжин
Хүүхэд: Зүчи; Цагадай; Өгэдэй; Толуй
Эцэг: Есүхэй
Тэмүжин эцгээсээ 9 настай өнчрөн хоцорч амьдралын хатуу хүтүүг даван туулж эрийн цээнд хүрчээ. Тэр төрөлхийн ухаан сэргэлэний дээр, хэрсүү ухаан, тэсвэр тэвчээр, зорьсондоо хүрэх тэмүүлэл, эхэлснээ дуусгадаг шаргуу чанар, хүний чанарыг таних, олноос үг сонсож сайн мууг ялган тунгаах чадварыг багаасаа эзэмшсэн нь хожмоо төрийн шалгарсан зүтгэлтэн, цэргийн алдарт жанжин, хүн төрөлхтний амьдралд эргэлт хийсэн их хүмүүн болох замыг нь тавьж өгчээ.
1189 онд эцгийн анд Ван хан, анд Жамуха нарын дэмжлэгтэйгээр эцгийн захирч байсан улсыг цуглуулан нэгтгэж Хар зүрхний Хөх нуур гэдэг газарт Чингис хэмээх цолтойгоор хаанд өргөмжлөгджээ.
Чингис хаан 1206 онд Их Монгол улсаа байгуулж хөрш улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх, газар нутгийнхаа аюулгүй байдлыг хангах, гадаад улс орнуудтай эдийн засаг, худалдааны харилцаа тогтоохыг зорив. Гэвч түүний санасанаар болсонгүй улсыг нь дорд үзэж, элч нарыг нь алж, доромжилсон учир асуудлыг хүчээр шийдэхээс аргагүйд хүрчээ.
Чингис хааны эхлүүлсэн аян дайн хэргийн явцаар өргөжсөөр дэлхийн хэмжээний байлдан дагуулал болж Монголын Эзэнт гүрний үндсийг тавьсан билээ.
Чингис хаан цөөн хүний хүчээр агуу их зүйлийг бүтээж чадсаныг түүний удирдагч, манлайлагчийн гайхамшигт чадвартай холбон үзэж олон орны эрдэмтэд судлаж зарим нь түүнийг өнөөгийн ертөнцийг үндэслэн байгуулагч хэмээн үнэлж байна. Тэр өөрөө цэргийн суут жанжин, удирдагч төдийгүй Монгол болон дэлхийн түүхэнд гайхагдсан алдарт жанжнуудыг төрүүлэн гаргасан юм.
Монголчуудын байлдан дагууллын үр дүн нь нэг талаас түүх соёлын үнэт зүйлсийг эвдэн бусниулж, эрдэнэт хүний амь насыг хөнөөсөн ч нөгөө талаас өрнө, дорны ард түмэн бие биеийг мэдэх болж соёл, шинжлэх ухааны олон салбарт бие биеийн ололт амжилтыг ашигласнаар дэлхийн хөгжил урьд байгаагүйгээр хурдацтай урагш ахижээ.
Их хааны үндсийг нь тавьсан Монголын эзэнт гүрэн нутаг дэвсгэр болоод хүн амын тоогоор хамгийн том байж, 200 шахам жил оршин тогтнож чаджээ. Монголын эзэнт гүрний хамаарч байсан газар нутаг нь 24 сая км байв. Чингис хаан тив дамнасан их гүрний үндсийг тавьж, гадаад харилцаа, худалдаа, зоос мөнгө, зам харилцаа зэрэг дэлхийн хөгжлийг урагш ахиулахад түлхэц үзүүлсэн үндсэн өөрчлөлт оруулсан учраас АНУ-ын Вашингтон Пост” сонин Чингис хааныг хоёрдугаар мянганы суут хүн хэмээн зарлаж, 2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх тусгай тогтоол гаргав.
Уг тогтоолд: Нүүдлийн соёл иргэншил нь худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж, захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглээд энэхүү үйл ажиллагааг НҮБ-ын гишүүн орнууд өргөн тэмдэглэхийг уриалсан билээ. Энэхүү уриалгыг ХБНГУ, АНУ, Австри, Япон, Унгар, БНХАУ зэрэг олон орон болон уугуул эх оронд нь дэмжин ой тэмдэглэх ажлын хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, үзэсгэлэн гаргаж, их хааны амьдарлыг харуулсан урлагийн бүтээлүүд олноор төрөн гарсан нь түүнийг дэлхийн алдарт удирдагч, суут хүн болохыг хүлээн зөвшөөрч, үнэлсэн хэрэг билээ.