Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар жил бүр дэлхийн улс орнуудад зам тээврийн ослын улмаас 1.3 сая хүн амь насаа алдаж 50 гаруй сая хүн гэмтэл бэртлийн улмаас эрүүл мэндээрээ хохирч байна. Тэгвэл Монгол улсад зам тээврийн ослын улмаас сүүлийн 5 жилийн хугацаанд нийтдээ 2700 хүний амь нас хохирч 27080 хүн хүндэвтэр хүнд зэргийн бэртэл гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирчээ. Та бидний хайнга, хариуцлагагүй байдлаас болж хэчнээн хүний амь эрсдэж, хэчнээн эд хөрөнгийн хохирол учирч байгааг тоочиход бэрх. Уг нь бид нэг л өдөр хичээгээд замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад, хамгаалах бүсээ зүүгээд, явган зорчигчид нь заасан гарцаараа зорчиж чадвал 2 хүн амь насаа алдахгүй 15 хүн эрүүл мэндээрээ хохирохгүй, 260 зам тээврийн осол гарахгүй тоо баримт гарч байна.
Тиймээс Цагдаагийн байгууллагаас санаачлан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, осол аюулын уршгийг иргэдэд таниулах зорилгоор "Хичээх өдөр" арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр улсын хэмжээнд зохион байгуулж байна. Эл өдөр "Энхтайваны өргөн чөлөө"-нд авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас эхлэн 5 минутын хугацаатай түр зогсоох аж. Мөн замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй байх уриалга бүхий авто клубын залуус тээврийн хэрэгсэлтэйгээ цуваагаар өглөөний 10.20 цагт Дүнжингарав худалдааны төвөөс хөдөлж Нарны замаар Хүүхдийн паркын баруун уулзвараар Төв шуудан Баруун 4 зам, Нарны гүүрний доогуур нарны замаар Дүнжингарав худалдааны төв гэсэн маршруутаар явна. Мөн уг өдөр аймаг, нийслэл дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын ажлын албаны ажилтан, албан хаагчид их дээд сургуулийн оюутнууд зурагт хуудас үзүүлэнг барьж ослоос урьдчилан сэргийлэх сануулга жагсаал хийх юм байна.