Тайваны Хууль зүйн яамны харъяа Шүүхийн академиас жил бүр Монгол Улсын прокуроруудад зориулан сургалт зохион байгуулдаг. Энэ оны 11 дүгээр сарын 11-нээс 22-ны өдрүүдэд 16 дахь удаагийн сургалт зохион байгуулагдсан бөгөөд сургалтанд Улсын ерөнхий прокурорын газрын болон Нийслэл, Тээвэр, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, Төв, Баян-Өлгий, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын нийт 15 прокурор оролцоод ирлээ.
Сургалтаар “Прокурор хэргийг хянан шийдвэрлэх үед анхаарах асуудал”, “Олон улсад эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлж байгаа ажиллагаа”, “Тайваны шүүх, прокурорын байгууллагын ажилтнуудад тавигддаг шаардлага, боловсролын өнөөгийн байдал”, “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх, энэ чиглэлээр шалгалт дүн шинжилгээ хийх нь”, “Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр хичээлүүд орсон байна.
Мөн сургалтын үеэр оролцогчид Тайваны Шүүхийн академи, Далайн эргийн харуулын алба, Тайпей хотын прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тайпейн олон улсын нисэх онгоцны буудал, Цагдаагийн газрын Морьт эргүүлийн хэлтэс, Хорих газар, Ой модны хулгайтай тэмцэх газар, Мөрдөн байцаах газрын үйл ажиллагаатай танилцжээ.