Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх бодлого, чиглэлийн нэг болох Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, иргэдийг төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах зорилт, арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд 5002 айлын түрээсийн бөгөөд төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны Солонго-1, Солонго-2 хорооллын төслийг БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн агентлаг болох Экспорт-Импорт банк (ЭКЗИМ)-ны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр 2019 оны эхний улирлаас хойш хэлэлцэж байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК /ТОСК/, Солонгосын ЭКЗИМ банкны төлөөлөгчтэй хийсэн хэд хэдэн удаагийн уулзалтаар төслийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлуудаа ярилцаж, тохиролцсныг өнөөдөр /2019.11.28/ Талууд Хуралдааны тэмдэглэлд албажуулав.
Уг тэмдэглэлд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн агентлаг болох Экспорт-Импорт банкны Ази хариуцсан захирал Кү Боньюн нар гарын үсэг зурав.
Уг тэмдэглэлийг албажуулснаар хоёр орны Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийг урагшлуулахад дэмжлэг болж, суурь баримт бичгийг бүрдүүллээ.