Ямар нэгэн дайн дажин болоогүй, бослого үймээн дэгдээгүй энх цагт хүний амь олноор үрэгдэж байгаа цор ганц учиг шалтгаан бол зам тээврийн осол. Та бидний хайнга, хариуцлагагүй байдлаас болж хэчнээн хүний амь эрсдэж, хэчнээн эцэг эхийн элэг харлаж, хэчнээн олон өөдөсхөн үрс өнчирч хоцорсон бол?
2019 оны 11 сарын байдлаар зам тээврийн ослын дуудлага зөвхөн нийслэлд гэхэд 65,333 ирснээс бүртгэгдсэн осол 19,493, гэмт хэрэг 547, гэмтсэн 505 зам тээврийн ослоос шалтгаалж 535 хүн амь насаа алдсан тоо гарчээ. Харин зам тээврийн ослоос шалтгаалж учирсан хохирлын тоо 18,274,130,288.
Бидний мэддэг хэрнээ биелүүлдэггүй, чаддаг хэрнээ хийхийг хүсдэггүй замын хөдөлгөөний дүрмийн зөрчлүүд эдгээр олон хүний амийг аван оджээ. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг биднээс тийм ч их ур чадвар ухаан сэтгэхүй шаардаад байх зүйл биш. Жолооч та хамгаалалтын бүсээ зүүж, хурдаа тохируулаад, эрүүл саруулаар жолоогоо барьж, явган зорчигч та заасан гарцаар, ногоон гэрлээр гараад, үүнийгээ үр хүүхдүүддээ хэвшүүлчихвэл өөрийн болон бусдын амь насыг хамгаалах юм. Гэмгүй хэн нэгнийг болон өөрийгөө замын ослын золиос болгохгүйн төлөө яг одооноос хичээцгээе!