12 дугаар сарын 1. Өнөөдөр дэлхий нийтээр нийгмийн аюулт тахал болсон ХДХВ, ДОХ–той тэмцэх өдөр. Харин та “тэмцэх” гэдэг үгийг хэрхэн ухаж ойлгож байна вэ? Та энэ өвчний эсрэг өөрийгөө хамгаалах хангалттай мэдлэгтэй байж, хайртай хүндээ үнэнч байж тэмцэх юм. Ингээд уншигч та бүхэндээ ХӨСҮТ–ийн БЗДХ, ХДХВ/ДОХ тандалт судалгааны албаны эмч Р.Ариунаатай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
Зө.мн: Өнөөдөр дэлхий нийтээр ХДХВ/ДОХ–той тэмцэх өдөр. Эрүүл мэндийн байгууллага тэр тусмаа энэ өвчний халуун цэг дээр ажиллаж буй хүний хувьд сэтгэл зовоох асуудлууд юу байна?
Р.А:– Аливаа өвчин туссан хойно нь эмчилсэнээс, тусахаас нь өмнө урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй байдаг шүү дээ. Манай иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгтээ тогтмол хамрагдахгүй байгаад манай салбарын гол бэрхшээл оршиж байгаа юм. Ялангуяа залуус урьдчилан сэргийлэх үзлэгтээ тогтмол хамрагдах нь өөрсдийнх нь л эрүүл мэндэд маш чухал. Эмнэлгийн байгууллагын ажиллаж байгаа бид урьдчилан сэргийлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээнд аль болох олон хүнийг хамруулахыг хичээн ажилладаг. Мөн ХДХВ/ДОХ-ын дэлхий дахин болоод Монголын өнөөгийн байдлыг ард иргэддээ танилцуулдаг. Гэхдээ энэ өвчний хувьд албадлагаар бус өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө өөрөө сайн дураар ирж, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах ёстой юм.
Зө.мн: Өнөөдрийн байдлаар Монголд ХДХВ–ийн халдвартай хэчнээн хүн байна вэ? Нас болон хүйсээр нь ангилвал?
Р.А:– 2019 оны 10 дугаар сарын байдлаар ХДХВ–ийн халдвартай 281 хүн байна. Бид бүхэнд энэ тоо үнэндээ чухал биш. Харин хэчнээн хүн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж чадсан, хэчнээн хүн үлдсэн, яагаад ямар шалтгаанаар тэд үлдсэн бэ гэдэг том асуудал юм. Мөн бид тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгийн хавьтагчдаа үнэнч байх нь чухал байдгийг л ухамсарлан ярилцаж байвал илүү чухал юм шиг санагддаг.
Зө.мн: Энэ өвчний халдах зам, урьдчилан сэргийлэх арга барилаас хуваалцаач?
Р.А:– Хүний дархлал хомсдлын вирусын халдвар нь ХДХВ-ээр үүсгэгдэг архаг явцтай халдвар юм. ХДХВ нь аажмаар хүний дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа өвчнөөс хамгаалах чадвараа алдан олон төрлийн өвчний хам шинж илрэхийг Дархлалын Олдмол Хомсдол /ДОХ/гэнэ. ХДХВ-ийнХАЛДВАР дамжих зам нь:
Бэлгийн зам:ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүй бэлгийн хавьталд орох,
- Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, зүү тариурыг дамжуулан хэрэглэх,
ХДХВ -ийн халдвартай эхээс хүүхдэд:Жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр дамждаг.
Зө.мн: Өвчний халдвар авсан шинж тэмдгийг мэдэж таних арга бий юу?
Р.А:– ХДХВ-ийн халдвар авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэх юм. ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг” байх нь халдваргүй гэсэн үг бөгөөд 6 сарын дараа давтан шинжилгээ өгөх хэрэгтэй. Харин “эерэг” байх нь ХДХВ-ын халдвартай байх магадлалтай тул нэмэлт баталгаажуулах шинжилгээ өгөх шаардлагатайг илэрхийлнэ. Мөн халдвар авснаас хойш 3-6 сарын хугацаанд шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илрэхгүй байж болох бөгөөд үүнийг “Цонх үе” гэдэг.
Зө.мн: Эмчилгээ болон эмчилгээний үр дүн?
Р.А:– ХДХВ –ийн эсрэг Ретровирусийн эсрэг эм гэж байдаг. Эмээ тогтмол уусан тохиолдолд эмчилгээний үр дүн маш сайн байдаг буюу өвчний тавиланд сайнаар нөлөөлөх боломжтой болсон нь энэ зууны онцлог юм.
Зө.мн: Халдвар авсан хүн урт удаан жил амьдрах боломж хэр байдаг вэ?
Р.А:– Халдвар авсан хүн эмээ тогтмол уусан тохиолдолд урт удаан наслах бүрэн боломжтой. Гэхдээ тухайн халдварын шалтгаантайгаар бус бусад өвчнөөр өвдөх боломжтой.
Зө.мн: Манай улс энэ өвчний эсрэг ямар арга хэмжээг авч байна вэ?
Р.А:– Манай улсад энэ өвчний шинжилгээ, оношлогоо, эмчилгээ үнэ төлбөргүй. Бүх зардлыг засгийн газар гаргадаг. Ийм улс орон ховор байх. Мөн цаашлаад асар үнэтэй хяналтын шинжилгээнүүд үнэ төлбөргүй. Эмчийн зөвлөгөө, хяналт үнэ төлбөргүй. ХӨСҮТ, 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр сайн дурын зөвлөгөө шинжилгээ үнэ төлбөргүй хийдэг. Ингэж их дэмжиж байхад ард иргэд маань өөрсдөө шинжилгээгээ тогтмол өгөөд байвал бидэнд асуудал гарахгүй байх бүрэн боломжтой.
Зө.мн: Сүүлийн үед энэ өвчний талаарх мэдээлэл, сэрэмжлүүлэг өмнөхөө бодвол харьцангуй олширч байна. Харин иргэдийнн мэдлэг боловсрол хэр дээшилж байна вэ?
Р.А:– Ер нь харьцангуй л байна даа. Сүүлийн жилүүдэд зарим нэг хүмүүсийн энэ өвчний талаарх мэдлэг боловсрол маш сайн болсон бол заримынх нь хувьд бүр ойлголт ч байхгүй байсаар байна. Тиймээс ард иргэд өөрсдөө болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулан ард иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгоход туслаж дэмжээрэй гэж хэлмээр байна.
Зө.мн: Одоо миний тавих асуулт маш чухал асуулт юм. Нэгэнт халдвартайгаа мэдсэн бол хаана хандахаа мэдэхгүй, ичиж айх, бусад хүн мэдэх вий хэмээн халдвартайгаа нуух тохиолдол их байдаг юм шиг санагддаг. Мэргэжлийн хүний хувьд энэ тал дээр зөвлөгөө өгөөч? Эмнэлгийн хувьд хувь хүний асуудлыг хэр хэмжээнд нууцалдаг вэ?
Р.А:– Тийм шүү. Хамгийн чухал асуудал бол энэ юм. Иргэн халдвартайгаа мэдчихээд өөрийгөө илчлээд ирнэ гэдэг сэтгэлзүйн хувьд том зориг юм шиг боловч цаана эртхэн мэргэжлийн байгууллагад хандаад эмчилгээгээ аваад явбал өвчний тавиланд эерэгээр нөлөөлнө. Эмнэлгийн хувьд хувь хүний асуудлыг чанд сайн нууцладаг. Нэгэнт та халдвар авсан бол ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлэгт хандан зөвлөгөө авч болно. Мөн Улаан тууз facebook page хуудсаар ч асуух зүйлсээ тодруулж болно.
Зө.мн: Иргэдийн дунд нэг буруу ойлголт байна. Энэ өвчний халдвартай хүнтэй ойр байж бараг гар барьж ч болохгүй. Магадгүй халдвар авна гэсэн ойлголт яваад байдаг?
Р.А:– Энэ бол их буруу ойлголт. Гэхдээ орчин үед залуусын мэдлэг хандлага өөрчлөгдөж байгаа гэж найдаж байна. Мөн халдвар дамжихгүй замуудыг ард иргэд маань мэдэх мөн чухал байдаг. ХАЛДВАР дамжихгүй замд шүлс (ханиах, найтаах) нулимс, хоол хүнс, аяга халбагаар, шумуул, хамт амьдрах, ажиллах, суралцах тэврэх, үнсэх, бассейн, халуун ус, бие засах газар зэргээс дамжин халдварладаггүй.
Зө.мн: Бидний ярилцлага өндөрлөж байна. Та залууст хандаж сэрэмжлүүлэг өгөөч?
Р.А:– Урд хөршид маань ХДХВ/ДОХ халдвартай хүмүүсийн тоо их байдаг. Албан мэдээгээр 1,250,000 гэдэг бол албан бусаар үүнээс их байгаа. Тиймээс залуус маань тохиолдлын бэлгийн харьцаанд орохоос татгалзаж, урьдчилан сэргийлэх шинжилгээг тогтмол өгч хэвшээрэй. Мөн бэлгийн хосдоо үнэнч байхад бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой юм. ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэж хэлэх боломжгүй. Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ-ийн халдвартай хүн халдвараа бусдад тараадаг. Тиймээс өөрчлөлтийг та бид өөрсдөө л хийнэ. Эмч миний бодлоор монголд урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаагүй тохиолдолд ямар ч төрийн болоод төрийн бус байгууллагаас үйлчилгээ авах эрхгүй тийм тогтолцоотой болгох юмсан гэж боддог.
Зө.мн: Танд маш их баярлалаа.