Цаг үеийн мэдээ

 

Сайн унтаж амраагүй нөхцөлд биеийн өөх тос түрэн хуримтлагдаж, жин нэмэгддэг тухай сүүлийн үеийн нэгэн судалгааны дүнг Америкийн “Өөхний тухай судалгааны сэтгүүл” тун саяхан нийтэлжээ.

Судлаачид хориод насны 15 эрүүл эрэгтэйд судалгаа хийжээ. Судалгаа эхлэхээс нэг долоо хоногийн өмнө оролцогчид гэртээ өдөр бүр 10 цаг унтаж хангалттай амарсан байв. Харин туршилтын үеэр оролцогчдод өөх тос ихтэй, илчлэг хийхтэй хоолыг 4 өдөр дараалан өгсөн бөгөөд шөнөдөө 5 цагаас бага унтуулжээ. Үүний дүнд оролцогчдын дийлэнх нь нойргүйдлийн үед өлсөх мэдрэмжийг илүү авдаг байна.

Цусны шинжилгээнд харуулснаар, нойргүйдлийн улмаар цусны өөх тос бие махбодид хялбархан хадгалагдаж нөөцлөгддөг учраас биеийн жин түргэн нэмэгддэг болохыг тогтоосон байна.

Хангалттай унтаж амраагүй үедээ хүмүүс илүү их хоол иддэг бөгөөд ялангуяа илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэхийг хүсдэг болохыг тус судалгаагаар гэрчилжээ.

НОЙРГҮЙДЭЛ 

Энэ бол хүний бие организмд хамгийн чухал, нэн хэрэгтэй зүйл. Нойрыг цөөн үгээр хэлбэл хүний бие махбодын хамгаалагч гэхэд болно. Ер нь одоогоор хүн хэдэн цаг унтаж байх ёстойг шинжлэх ухаан яг таг тогтоочихсон юм байхгүй. Тухайн хүний биеийн онцлогоос л хэдэн цаг унтаж амрах нь хамаарна. Нийтлэгээрээ бол насанд хүрсэн хүн дунджаар 6-8 цаг унтах ёстой л гээд байгаа юм. Хүний нас ахих тусам унтах хугацаа богино болсоор 65-70 нас орчимд хүрэхэд таван цаг орчим л унтдаг болдог гэж байгаа. Нойргүйдэл нь маш олон өвчний эх сурвалж болдог гэдгийг харин аль эрт тогтоочихсон юм. Нэн түрүүнд маш мартамхай болж эхэлнэ. Нойргүйдэх нь бие махбодын тэнцвэрт байдал алдагдсаны илрэл учир аль болох идэвхтэй байж ажил албаа, амралтаа ухаалгаар зохицуулж сурах хэрэгтэй.

Хүүхдийнхээ нэрийг сольж дуудах, их сайн мэддэг байсан хүнийхээ утасны дугаарыг санахгүй байх зэргээр энэ эмгэг эхэлдэг. Огцом цочмог уцаарлангуй болно. Крантнаас ус гоожих чимээнд хүртэл уур унтуу хүрдэг болбол нойргүйдлээс үүдэлтэй эмгэгт өртөж эхэлж байж болзошгүй гэж ойлгоход болно. За тэгээд гол аюул нь сэтгэцийн хүнд хэлбэрийн өвчинд нэрвэгдэх. Сэтгэл санаагаар унамтгай, тогтворгүй, ажил хийх сонирхолгүй, эрч хүчгүй болохоос эхлээд цаашдаа бүүр хүндэрчих магадлал өндөр. Ийм байдлаар удаан явж л болохгүй. Шууд утгаараа бол сэтгэцийн өвчин болон нойргүйдэх нь хоорондоо нягт холбоотой. Тэр бүү хэл нойргүйдэл нь таргалалт, үс уналтын эх сурвалж хүртэл болно. Хэн ч гэсэн залуугаараа мулзан толгойтой, хэт тарган байхыг хүсэхгүй нь лав.

Таны сурталчилгаа