Хөвсгөл аймгийн Мөрөн суманд халдварт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад оржээ. Тус эмнэлэг ашиглалтад орсноор аймгийн Нэгдсэн эмнэлэгт байрлаж байсан халдвартын тасаг тусдаа гарч, өвчтнүүдээ шаардлага хангасан орчинд тусгаарлан эмчлэх орчин бүрдэж байгаа юм байна. Шинэ эмнэлгийн нээлтэд УИХ–ын дэд дарга Л.Энх–амгалан оролцсон бөгөөд тэрээр ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мөрөн хотод 100 ортой хүүхдийн эмнэлгийн байр барьж ашиглалтад оруулна. Шинэ эмнэлэгтэй болсноор иргэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай авч, эмч нарын ачаалал багасах зэрэг олон эерэг үр дүн гарна гэдгийг онцлон хэлсэн байна.