12 дугаар сарын 3-ны өдөр бол Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр билээ. Тэгвэл эл өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монгол Улсын Их Сургууль хамтран хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болохыг нотлох, бусад салбар шинжлэх ухаантай уялдуулах, тухайн салбарт тулгамдаж байгаа асуудлыг дэвшүүлэх, шийдвэрлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь-2019” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн оюутан, ажилтан, судлаач, эрдэмтдээс нийт 60 гаруй судалгааны ажил, бүтээл ирүүлснээс шилдэг 8 бүтээл шалгарч, илтгэлээ хэлэлцүүлсэн байна. Хэлэлцүүлсэн 8 илтгэлийг практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн дүгнэлт, судалгааны арга аргачлал, илтгэх ур чадвар зэрэг үзүүлэлтүүдийг тус тус харгалзан шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ. Үүнд:
1 дүгээр байр: ШУТИС, Мэдээлэл холбооны технологийн сургууль Б.Билгүүн, Х.Гомбо, Б.Дорж, Т.Амартүвшин нар “Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан ухаалаг таяг” сэдвээр;
2 дугаар байр: ОТИС-ийн СХСС-ын тэнхимийн багш Х.Алтанхундага, МУБИС-ийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн багш Доктор, профессор Б.Туяа нар “Сургуулийн өмнөх ахлах насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт үеийн илрүүлэг, дэмжлэгийн судалгааны үр дүн” сэдвээр;
3 дугаар байр: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт М.Уянга, Т.Золзаяа нар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа” сэдвээр тус тус шалгарчээ.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Эрүүл мэнд, Боловсрол, Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн хамгаалал, Дэд бүтэц, мэдээллийн хүртээмж, Техник ба мэдээллийн технологи, Хууль, эрх зүй зэрэг 7 бүлэг агуулгын хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг хөндөн өөрсдийн шинэ санал санаачлага, мэдлэг, туршлагуудыг дэвшүүлсэн ач холбогдолтой үйл ажиллагаа болсон бөгөөд эрдэмтэн, судлаачид, зочид оролцогч, багш оюутнууд, үзэгч сонирхогчид нийт 100 гаруй хүн хамрагдсан байна.