Хөлрөх нь бие өөрийн температурыг зохицуулж буй нэг хэлбэр бөгөөд биед болж байдаг энгийн процесс юм. Мөн энэ нь бие махбодын чухал үйл ажиллагаа тул та үүнд санаагаа чилээх хэрэггүй юм. Гэсэн хэдий ч хөлрөлтөөс үүсч буй үнэр, хөлөрдөг хэсэгт үлдсэн толбо зэрэг асуудлууд үүсдэг нь нууц биш юм. Тиймээс та бүхэндээ хөлрөлтийг багасгах дараах зөвлөгөөнүүдийг санал болгож байна.
1. Хөлс дарагч бүтээгдэхүүнүүдийг зөв цагт нь хэрэглэх
Хөлс дарагч бүтээгдэхүүнүүд нь угтаа бол хөлсний судлуудыг эсэргүүцэх зориулттайгаас биш арьсан дээр гарч ирсэн хөлсийг ууршуулах зориулалтгүй юм. Тиймээс өдөр хөлс бага гаргахын тулд шөнө унтахынхаа өмнө хөлс дарагчаа хэрэглэх нь үр дүнтэй юм. Мөн унтахынхаа өмнө хөлөрдөг хэсгээ хөлрөөгүй буюу хуурай цэвэрхэн байхад нь хөлс дарагчийг хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг байна.
2. “Амьсгалдаг” хувцас өмсөх
Хөнгөн, “амьсгалдаг” материалаар хийгдсэн хувцас хөлрөлтийг бууруулдаг байна. Мөн шинэ хувцас авахдаа аль болох цайвар өнгийн хувцас сонгохыг зөвлөж байна. Учир нь цайвар өнгийн хувцас нь бараан өнгийн хувцастай харьцуулахад гэрлийн туяаг сайн ойлгодог тул танд илүү сэрүүн мэдрэмжийг төрүүлнэ.
3. Хөлсний алчууртай явах
Хөлстэйгээ яваад байх мэдээж хөлсийг багасгахгүй. Тиймээс хөлсний алчуур хармаанд байхад буруудахгүй шүү
4. Халуун ногоотой хоол хэрэглэхээс зайлсхий
Халуун чинжүү, сонгино зэрэг халуун ногоотой хоол идсэний дараа хөлс ердийнхөөс илүү их хэмжээтэй ялгардаг тул та бизнес уулзалтад эсхүл чухал хүнтэй зоог барихаар шийдсэн бол энэ төрлийн хоол захиалахаас татгалзахыг зөвлөж байна. Мөн кофе нь хөлсний булчирхайг өдөөж өгдөг аж.
5. Муу зуршлаа хаях
Саяхны судалгаагаар архи, тамхи хэрэглэх нь хүнийг илүү хөлрөмтгий болгодог нь батлагдсан байна. Мөн жин нэмэх гол түлхүүр болдог аж.