СЭТГҮҮЛЧИЙН НЭГ ӨДӨР
Шинэхэн өглөө эхэллээ. Амьдрал буцалж буй нийслэл хотод маань нэгэн цэцэрлэгийн ажил амьдрал эхэлж байна. Энэ цэцэрлэгийн багш нар хэн хүнээс түрүүнд ажлын байрандаа ирсэн байх ёстой…… Дин дон… хаалганы хонх дуугарч байна. Хүмүүжигч хүүхдүүд эхнээсээ ирж байгаа бололтой, багш хүүхдүүддээ угтан авлаа.
Ямар цэцэрлэг хаалганы хонхны дуугаар хүүхдүүддээ хүлээж авдаг юм бол гэж та гайхаж байна уу? Тэгвэл энэ цэцэрлэг бол Нийслэлийн 186 дугаар тусгай цэцэрлэг тэр дундаа харааны онцлогтой хүүхдүүдийн анги юм. 186 дугаар цэцэрлэг хараа, сонсгол, аутизм, даун, оюун ухаан хэл яриа зэрэг хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн хүмүүждэг цэцэрлэг юм.
Энэ удаагийн “Сэтгүүлчийн нэг өдөр” буландаа уг цэцэрлэгийн Харааны онцлогтой хүүхдүүдийн анги даасан багш Б.Хулангийн ажлын нэг өдрийг сурвалжиллаа.
Харааны онцлогтой хүүхдүүдийн ангид 14 хүүхэд хүмүүждэг. Хүүхдүүд өглөөний 08.30 цагт хаалганы дэргэд байрлах хонхоо дарсаар ангидаа орж ирнэ. Улмаар тэд хаалган дээр наасан гурван мэндчилгээнээс сонгон багштайгаа мэндэлнэ.
Яг энэ цаг мөчөөс эхлэн багшийн тухайн өдрийн амсхийх завгүй нөр их хөдөлмөр эхэлнэ. Энэ цэцэрлэгт хүмүүждэг хүүхдүүд бусад энгийн цэцэрлэгийн хүүхдүүдийг бодвол арай өөр аргачлалаар буюу багш хүүхэд нэг бүртээ тулж ганцаарчлан ажиллах ёстой. Учир нь эл ангийн хүүхдүүд бүгд хавсарсан бэрхшээлтэй буюу зарим хүүхэд оюуны чадамжгүй байхад, зарим нь харааны чадамжгүй байх аж.
Хүүхдүүддээ хүлээж авсан туслах багш нар тэдний хувцсыг нэг бүрчлэн тайлж цэцэрлэгийн хувцсыг өмсүүлнэ. Энэ ангид 1.8 настайгаас 6 нас хүртэлх насны хүүхдүүд байдаг ч бие дааж хувцсаа тайлж сольдог хүүхэд байхгүй.
Хүүхдүүд өглөөний цайгаа уухаас өмнө гар нүүр, шүдээ угаахаас эхлээд бүгд ариун цэвэр сахих ёстой. Харин зарим хүүхдүүд мөн л өөрсдөө сойзоо бариад шүдээ угааж чадахгүй учраас туслах багш нарын оролцоо ахиад л гарна.
Ер нь миний энэ цэцэрлэгт өнгөрүүлсэн цаг хором бүр бусдын төлөө чадах бүхнээ зориулсан анги даасан багш, хоёр туслах багшийн гайхамшигтай үйлдлүүд байсан юм. Өөрөө биеэ даагаад хийж чадах зүйлсээр дэндүү хомс хүний жаахан үрсийн хоол цайг нь аманд нь халбагадан өгч, өмд пампарсыг нь цаг тутамд сольж, уйлагнасан уурласан нэгнийг аргадан тайтгаруулна. Оюуны чадамжгүй хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг. Харин багш нь тэднийхээ юу хүсэж, юуг илэрхийлж байгааг тун соргог мэдэрч ажиллаж байгаа нь тун бахархмаар. Тэд нэр дээрээ багш статустай боловч яг л тэдний эгч шиг эсвэл ээж шиг нь бүхий л зүйлийг зүрх сэтгэлийнхээ гүнээс үйлдэж байгаа нь харагдах бус мэдрэгдэнэ.
Оюуны чадамжгүй хүүхдүүдийг нэг л дасаж дадсан орчноос хөдөлгөхөд л тэд ихэд бухимдаж уйлж, хашгирах аж. Мөн энэ хүүхдүүд алхаж явж чадахгүй учраас багш нар нь тэднийг хоолны ширээ, сандал, тоглоомын хэсэг, унтах ор зэрэг рүү нь байнга л өргөж тэвэрч явах юм.
Гэхдээ энэ бүгд багш нарын хувьд асуудал биш ээ. Энэ цэцэрлэгийн багш нар “хүүхэд бүр хөгжих боломжтой” хэмээх зарчмыг баримталж, тэднийг жирийн сургалтай цэцэрлэгт хүмүүжих чадавхитай болгохын төлөө, сургуульд бусадтай мөр зэрэгцэн суралцуулахын төлөө хүүхдүүдтэйгээ хамт хичээж байна. Мундаг багш нарын хичээл зүтгэлийн ачаар намар чаддаг зүйлсээр хомс ирж байсан хүүхдүүд өдгөө насандаа тохирсон зүйлсийг хийж чаддаг болжээ. Анги даасан багш Б.Хулан хүүхэд бүрт зориулан чадавхийн хүснэгт нээж, хүүхдүүдийнх нь биеэ даах чадвар нэмэгдэх бүрийд өнгөөр ялган тэмдэглэдгээ хийдгээ бидэнд үзүүлсэн юм.
Жишээ нь тэдний ангийн 6 настай харааны онцлогтой Анхбаяр хүү анх ямар ч орчны баримжаагүй хүүхэд ирж байж. Гэвч өнөөдөр хүү цэцэрлэг дотроо чөлөөтэй явж, бөмбөр тоглож сурч, өдгөө бүр англи хэлний сургалтад суралцаж багштайгаа ойр зуурын зүйлсийг англиар ярьдаг болжээ.
Энэ англи хэлний сургалт бол ангийн багш Б.Хулангийн санаачилсан ажил. Учир нь бидний нийгэмд харааны онцлогтой хүмүүст олдож буй цор ганц ажил нь массажист байдаг. Гэтэл харааны бэрхшээлтэй хүүхдүүд нь сул дорой, ямар нэгэн хавсарсан өвчтэй байдаг учраас массаж хийхэд бусдын өвчнийг өөртөө авах, илүү их ядрах зэрэг эрсдэл их байдаг аж.
“Би хүүхдүүдээ арай л өөр ажил хийлгэмээр байна. Харааны онцлогтой хүүхдүүд сонсгол сайтай, хэл яриа хурц байдаг учраас энэ чадамж дээр нь суурилан синхроны орчуулагч болговол тэдэнд маань хэчнээн сайхан билээ дээ” хэмээн Б.Хулан багш ярьж байна.
Тиймээс багш энэ ажлыг судалж байгаад харааны онцлогтой хүүхдүүддээ өөрөө Англи хэл зааж эхэлжээ. Өдгөө хүүхдүүд нь мэндлэх, өөрийгөө танилцуулах зэрэг анхан шатны Англи хэлтэй болж байгаад багш урамшжээ. Мөн тэрээр хүүхдүүддээ одооноос барел үсгийн самбар бариулж гарт нь дасгаж эхэлж байгаа юм байна.
Б.Хулан багшийн ажил үүгээр дуусахгүй ээ. Тэр зөвхөн хүүхдүүдийг сургах биш тэдний эцэг эхийг давхар сургах ажилтай. Учир нь хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн эцэг эх маш хаалттай, ичимхий, өөртөө итгэлтэй биш хүмүүс болчихсон байдаг гэнэ. Тиймээс тэднийг хүүхдээ хэрхэн зөв хөгжүүлэх тал дээр сургалт явуулж, бие биетэй нь нөхөрлүүлж, харилцан зөвлөгөө өгөлцөж авалцдаг эцэг эхчүүдийн нэг ёсны нөхөрсөг багийг бий болгодог байна.
Хөгжлийн онцлогтой хүүхдүүдтэй аав ээжүүд тэднийгээ бусдаас илүүтэй хайрлаж хамгаалсаар ямар ч бие даах чадваргүй болгочихсон байдаг аж. Тиймээс "хөгжих боломжтой хүүхдийнхээ боломжийг битгий хаагаачээ" гэдгийг Б.Хулан багш эцэг эхчүүдэд онцлон сануулсан юм.
Мөн хөгжлийн онцлогтой хүүхдүүдтэй гэр бүлийн өрхийн орлого бага амьдралын боломж тааруу байдаг. Учир нь эцэг эх хоёрын аль нэг нь хүүхдээ асарч гэртээ суудгаас үүдэлтэй. Гэр хол хүмүүс хүүхдүүдээ цэцэрлэгт зөөх таксины мөнгөгүй, өглөө оройны ачаалал ихтэй автобусанд хүүхдээ тэвэрч орох гэсээр байтал хүмүүс өмнүүр нь дайрсаар яалтчгүй автобусанаасаа хоцордог гэнэ. Тиймээс тус цэцэрлэгийн эрхлэгч н.Энхмөнх болон багш нар БСШУЯаманд тавьсан удаа дараагийн хүсэлтийн дагуу хүүхэд зөөх автобустай болж магнай тэнийжээ. Ингээд өглөө оройд нэг туслах багш жолоочийн хамт явж хүүхдүүддээ буудал буудал дээрээс нь очиж авч мөн хүргэж өгдөг болсон байна. Цэцэрлэгийн хүргэлтийн автобустай болсноор цэцэрлэгт явах хүүхдийн тоо нэмэгдэж улмаар эцэг эхчүүд нь ажил хийх боломжтой болж байгаа талаар сэтгэл дүүрэн ярьж байгаа багшид талархах сэтгэл төрнө.
Мөн ойрын өдрүүдэд хүйтэрснээс Монголд угсрагдсан автобусны заал нэн хүйтэн болж хүүхдүүд даарах эрсдэлтэй болж байгаа учраас багш нар өөрсдөө нийлж автобусанд нэмэлт тень тавьжээ. Одоо уг автобусаны дөрвөн дугуйг сольчихвол бидэнд санаа зовох зүйл алга даа хэмээн багш хуучилсан юм. Мөн халтиргаа гулгаа ихтэй байгаа энэ үед тусгай хэрэгцээт хүүхэд зөөж яваа автобусны өмнүүр дайрч, зам булаалддаг жолооч нарт хандаж "хүүхдүүдийг минь хүндэтгэж, жаахан хүлээцтэй хандаж байхыг" жолооч нарт уриалсан юм.
Ийнхүү бидний яриа ч өндөрлөх тийш хандаж, цэцэрлэг ч тарах цаг болжээ. Гадаа хүүхэд хүргэх автобус бэлэн болж, туслах багш нар хүүхдүүддээ хувцаслаж эхэллээ. Ороолт малгайг нь жимбийтэл нь өмсүүлсэн том биетэй хүүхдүүддээ өргөөд дээр нь цүнхийг давхар үүрээд гарч байгаа багш нарыг хараад ямар хувь тохиолоор ийм сайн хүмүүстэй учраа вэ хэмээн тэдгээр хүүхдүүдийн өмнөөс баярлана.
Гадаа хүйтэн байна, гэвч сэтгэл нь дулаан хүмүүстэй ярилцсан тэр л хором намайг дулаацуулна. Харааны бэрхшээлтэй ангийн багш Б.Хулан уг нь автын инженер мэргэжилтэй ч сэтгэлийн дуудлага хүсэл сонирхлоор энэ цэцэрлэгт ирж багшилснаар өдгөө 7 жилийн нүүрийг үзжээ. Тэрээр хүүхдүүдийнхээ төлөө өөрөө бие даан дохионы хэл сурч, англи хэр суралцаж, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх чадварыг эзэмшиж, хүүхдүүдийнхээ амьдралын хамгийн дотно хүн нь болжээ. Мөн Б.Хулан багшийн найдвартай туслах баруун зүүн гар болсон хоёр туслах багшийг энд дурдахгүй байж болохгүй юм. Тэднийг С.Онончимэг, Э.Номинцэцэг гэдэг бөгөөд тэд энэ цэцэрлэгт ажиллаад мөн л 7 жилийн нүүрийг үзээд байгаа туршлагатай, дулаан сэтгэлтэй багш нар юм.
Яагаад ч юм надад цээж дүүрэн амьсгалмаар сэтгэл тэнэгэр сайхан бодол төрнө. Хорвоогийн хүрд эргэдгээрээ эргэж амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэнэ. Гэхдээ энэ хорвоогийн хүрдийг сайхан сэтгэлтэй сайн хүмүүс л илүүтэй эргүүлж, амьдралыг хайр энэрлээр дүүрэн болгодог юм байна. Сайхан сэтгэлтэй, гайхамшигтай багш нартаа талархаад үл барна.
Зочин
2020-09-28
bagsh nartaa ajiliin ondor amjilt husiy uneheer l setgeltei huuhduudiin toloo gesen setgeltei humuus l 186tsetserlegt bdag daa uneheer l hairlahgui bhiin argaggui huuhduudtei bas
Зочин
2020-09-28
mundag bagsh nartaa ajlin amjilt ger bvld ni az jargal hvsei
Зочин
2020-09-28
хөгжлийн онцлогтой гэж ярих нь маш зөв
Зочин
2020-09-28
хулан багшдаа ажил амьдралд нь сайхан бүхнийг хүсье
Зочин
2020-09-28
хүмүүжигч гэж хэлэх үү???
Зочин
2020-09-28
uulan humuujigch geh yosgui l dee suraltsagch l gej heleh ystoi ym bgn humuujigch gej horigdoj bui zasan humuujigch humuusiig l uulan tegj heldeg
Зочин
2020-09-28
uulan humuujigch geh yosgui l dee suraltsagch l gej heleh ystoi ym bgn humuujigch gej horigdoj bui zasan humuujigch humuusiig l uulan tegj heldeg
Зочин
2020-09-28
uulan humuujigch bish shuu dee suraltsagch geh bolohoos ymar horigdoj bga horigdluud bish deee zasan humuujigch nariig l humuujigch gdeg unshihad uneheer ewgui bn shuu aldaagaa zasaarai
Зочин
2020-09-28
хүмүүжигч гэдэг үгийг хэрэглэхгүй байх
Зочин
2020-09-28
saihan setgeltei bagsh nartaa ajliin amjilt husie bayrlasan setgelee ilerhiilie