Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтран “Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө Хичээцгээе” уриан дор “Хичээх өдөр” арга хэмжээг улсын хэмжээнд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан.
Энэ өдрөөр аймаг, орон нутаг, нийслэлд тодорхой маршрутад замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоож, тусгай дуут дохио өгч зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэн, осолд холбогдол бүхий эвдэрч хэмхэрсэн тээврийн хэрэгслийн цувааг тодорхой маршрутаар явуулж иргэдэд ослын хор уршгийг сэрэмжлүүлэн, нутаг дэвсгэрийн Засаг Даргын Тамгын Газрын ажлын албаны ажилтан, алба хаагчид, их, дээд сургуулийн оюутан залуус гудамж замд хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцох талаар уриалсан үг бүхий самбар барьж, иргэдийг зам тээврийн ослын хор хохирлыг таниулах үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.
Мөн Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцсан нутаг дэвсгэртээ ажиллаж Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийг сурталчлан, хяналт тавьж ажилласан.
Тээврийн цагдаагийн алба нь өдөрт дунджаар нийт 300-350 дуудлага мэдээлэл хүлээн авдаг бол “Хичээх өдөр” буюу 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 239 ослын дуудлага хүлээн авсан байна.
Улсын хэмжээнд хүний амь нас хохирсон, ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй бөгөөд тухайн өдөр зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтсэн байна.
Хичээх өдрийн нөхцөл байдлыг өмнөх энгийн өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага, мэдээлэл 22,5 хувиар, хүн гэмтсэн осол 36,3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна
Бид ганцхан өдөр Замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж, сахилга, соёлтой, бие биенээ хүндэтгэн хөдөлгөөнд оролцсоны үр дүнд осол хэрэг 36.3 хүртэл хувиар буурсан үр дүн гарч байна. Цаашид өдөр бүр, сар бүр цаашлаад жил хичээх юм бол хамтдаа энэхүү хүсээгүй төмөр хүлгийн дайны эрсдэлийг бууруулж болох юм гэдгийг харуулж байна.