Монгол Улсад атар газрыг эзэмшиж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний түүхт 60 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа. Атрын 60 жилд зориулсан үндэсний бөхийн барилдаан өрсөлдөөнтэй, сонирхолтой сайхан болж Цагааннуур сумын харъяат улсын начин Б.Орхонбаяр түрүүлж, улсын начин н.Амарзаяа үзүүрлэлээ. Б.Орхонбаяр начин шөвгийн дөрөвт улсын харцага Бат-Өлзийг хүч бяр шавхан барилдсан барилдаан гаргаж өвдөг шороодуулсан юм. Энэ үеэр аймгийн удирдлагууд энэ жилийн Сэлэнгэ аймгийн Наадмын түрүү үзүүр, улсын их баяр наадмын начин цолтонгууд болох улсын начин Б.Орхонбаяр, Н.Баярбаатар нарт хүндэтгэл үзүүлсэн байна.