Сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс хөрс элэгдэж эвдрэх, үржил шим буурах, физик-химийн бохирдол манай орны байгалийн бүх бүслүүрийг хамарч газар ашиглалтын төрөл бүрд их илэрч байна. Өвлийн улиралд Улаанбаатар хотод цас орохоор замуудад давсыг их хэмжээгээр цацдаг нь нийслэлийн хөрсний давсны хэмжээг ихэсгэж ургамал ургах нөхцлийг бууруулж байгаа юм. Улаанбаатар хотод 63 цэгээс дээж авч хөрсөнд агуулагдах давсны хэмжээг тогтооход дээж авсан цэгүүдийн 40 гаруй хувь энгийн хөрснөөс 10 дахин илүү давс агуулж байгаа судалгаа гарчээ. Тэгэхээр хөрөнгө зарж ногоон байгууламж хийдэг боловч 40 гаруй хувь нь үр ашиггүй болдог гэсэн үг юм. Улаанбаатар хот нь ойт хээрийн бүс энэ бүсэд давсны агууламж бага бага байдаг. Энгийн хөрсөнд давс огт байх ёсгүй ба хамгийн ихдээ 2 хувиас хэтэрч болохгүй гэвч томоохон авто замуудын ойролцоо 10 дахин их байгаа юм. Газрын бодлогын хүрээлэнгийн судалгаанд нийт (1992 онд) 1206.4 мян.га талбай хамрагдсанаас 561.5мян.га нь элэгдсэн, үүний дотор 12.9 % нь хүчтэй элэгдсэн байсан бол УГТСЭШ–ний хүрээлэнгийн судалгаагаар (2010 онд ) нийт 579.3 мян. га хамрагдсанаас 100 хувь элэгдсэн ба 60.6 % нь хүчтэй элэгдсэн байгаа гэсэн судлаачдын дүнгээс үзэхэд сүүлийн 20 орчим жилийн хугацаанд тариалангийн хөрсний үржил шимийн бууралт нь гамшгийн хэмжээнд хүрч болохоор байгааг онцолсон юм. Хот суурин газрууд үйлдвэрийн районуудад ахуйн хог хаягдал, нүхэн жорлон, органик, шивтрийн бохирдол нь хөрсийг их хэмжээгээр бохирдуулж байна. Эрдэнэт, Дархан, Улаанбаатарт үйлдвэрийн технологид ашигладаг хүнд металлийн бохирдол тодорхой газруудад өндөр байгаа юм. Энэ бохирдлыг бууруулахын тулд хүнд металлаар хооллодог, валентийг өөрчилдөг ургамал тариалах ажлыг туршиж байгааг хэллээ. 2017, 2018 онд харгиа цэвэрлэх байгууламжийн ойролцоо хромын бохирдол өндөр байгаа учир эрдэнэ шиш, наранцэцэг тариалж бохирдлыг 30-40 хувь бууруулжээ.