Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн  урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад албан ёсны ажлын айлчлал хийж байгаа билээ. Ажлын айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Д.Бадарсан, Б.Бямбадорж нарыг өнөөдөр /2019.12.05/ Москва хотын Думын гишүүн, Орлогч дарга, Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга Стевенскова Людмила, Москва хотын Думын Соёл, түүхийн өв уламжлалыг хамгаалах хорооны дарга Герасимов Евгений, Москва хотын Думын Экологийн бодлогын хорооны дарга Соловиев Александр нар хүлээн авч  уулзлаа.

Уулзалтын үеэр Москва хотын Думын төлөөлөгчид өөрийн байгууллагын бодлого үйл ажиллагааны талаар товч мэдээллийг Монголын төлөөлөгчдөд хүргэж, Москва, Улаанбаатар хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцон, Монголын төлөөлөгчдийг Думын хурлын танхимтай танилцуулж, Улаанбаатар хотын Захирагч Москва хотын Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсгээ зурлаа.

Москва хотын ДУМ нь 12 дүүрэг, 125 хороотой, 2.55 мянган кв.метр газар нутагтай бөгөөд нийт газар нутгийн 54.5 хувийг ногоон байгууламж эзэлдэг байна. Хотын ДУМ-ын хувьд 12 дүүргээс 5 жилийн хугацаатай 45 гишүүд сонгогдон ажилладаг.

Хотын захирагч С.Амарсайхан “ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведев, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хэлэлцсэн хоёр улсын иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэх гол ажлын нэг бол хотуудын хамтын ажиллагаа юм. Орон нутгийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад дотоод худалдаа, эдийн засаг, соёлын харилцааг идэвхжүүлэх, хот байгуулалт, зам дэд бүтцийн салбарт хамтарч ажиллах, туршлага солилцох нь та бидний хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал үүрэгтэй юм. Улаанбаатар хотын хөгжил дэвшилд ОХУ, Москва хотын зүгээс оруулсан хувь нэмэр их” хэмээгээд олон жилийн түүхэн харилцаатай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхийн тулд харилцан тодорхой саналуудыг хэрэгжүүлэх, хоёр хотын бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран санаачилгатай ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Москва хотын Думын удирдах албаны гишүүд болох Евгений Герасимов “Москва хотыг зорьж хүрэлцэн ирсэн эрхэм Хотын дарга та болон Улаанбаатар хотын удирдлагын төлөөлөл болсон та нөхдөд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярласнаа илэрхийлье. Мөн Монголын ард түмэнд талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлэхийг хүсэж байна. Эх орны дайны хүнд хэцүү цаг үед бидэнд тусалж, түүхэн ялалт байгуулахад томоохон тусламж дэмжлэг үзүүлснийг Москва хотын иргэд дурсан санаж явдаг. Монголын ард түмний бэлэг болох дулаан хувцас, эд хэрэгсэл, хүлэг морьд, хандивын хөрөнгөөр бүтээсэн техник хэрэгсэл дайны ялалтыг манай ард түмэнд авч ирэхэд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг онцлон хэлье. Та бүхэнтэй хамтран ажиллахад бид үргэлж баяртай байна” гэсэн бол Думын гишүүн, хатагтай Людмила Стевенскова “Бидний зүгээс монгол ахан дүүстэйгээ бүх талаар хамтран ажиллахад таатай байх болно. Та бүхний илэрхийлсэн саналыг бид Москва хотын Думын даргад болон хуралдааны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх болно” хэмээн хэллээ.

Москва хотын төвд байрлах Хүндэтгэлийн уулс хэмээх цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг тус газар байршуулахад Москва хотын Дум болон Москва хотын Думын Соёл, түүхийн өв уламжлалыг хамгаалах хорооны дарга Герасимов Евгений чухал хувь нэмэр оруулсан хүн юм.

Таны сурталчилгаа