"Таван толгой" ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Махгал "Манай “Тавантолгой” ХК нь 1966 оноос өдийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй 53 дах жилдээ явуулж, говь нутгийнхаа ард түмнийг илч дулаанаар хангаж, БНХАУ-д анх удаа нүүрс экспортолж, гурван үеийн уурхайчид ажилласаар ирсэн арвин баялаг түүхтэй.
"Таван толгой" ХК-ийн ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо нь уурхай байгуулагдсан цагаас эхлэн, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, ажилчдынхаа нийгэмд тулгамдсан асуудлууд, эрх ашгийг хамгаалж, Ажил олгогч, ҮЭХороо хооронд “Хамтын гэрээ” байгуулан зүйл заалтуудыг нь мөрдлөг болгон ажилладаг юм.
Гэтэл сүүлийн хоёр жилд цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Таван толгой” ХК-ийн нэр хүндэд халдаж, хууль хяналтын байгууллагуудын эцсийн шийдвэр, дүгнэлт гараагүй байхад зарим хүмүүс олон зуун мянган тонн нүүрс алга болсон мэтээр ярьж, улс төржсөн мэдээ мэдээллүүдийг удаа дараа санаатайгаар тарааж байгаа нь компанийн бизнесийн нэр хүндэд нөлөөлж, хувьцааны ханш унах, худалдан авагчид итгэл алдрах зэрэг сөрөг байдлууд бий болж байна.
Дээрх байдлаас үүдэн хууль хяналтын байгууллагуудын удаа дараагийн шалгалтууд нь компанийн үйл ажиллагааг доголдуулж, зөвхөн өнгөрсөн 2018 оны багцаа судалгаагаар 100 гаруй тэрбум төгрөгийн нүүрс борлуулж улсын төсөвт 18 тэрбум төгрөгийг төвлөрүүлж компани 25 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжийг алдагдуулсан.
Энэ байдал нь жирийн ажилтан уурхайчдын цалин хөлс, урамшуулалд сөргөөр нөлөөлж, ажилчид цалингийн нэмэгдэл, урамшууллаа авч чадахгүй болоод байгаа. Энэ онд ч мөн энэ байдал давтагдвал буруу ташаа мэдээлэл тараасан тухайн этгээдээс нэхэмжилж, хууль шүүхийн байгууллагад албан ёсоор хандах болно гэдгээ хатуу мэдэгдэж байна. Хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа асуудлыг дэвэргэн олон нийтийн анхаарлыг татан хариуцлагагүй мэдээлэл тарааж байгааг зогсоохыг "Тавантолгой" ХК-ны ҮЭ-ийн хорооноос шаардаж байна" гэлээ.
МЭХГУУурхайн ҮЭХолбооны дарга Х.Буянжаргал “Нийт 200 орчим ажилтан ажиллаж байна. Тэднийг хулгайч мэтээр хардаж сэрдэж байгаа нь тэдний итгэх итгэл, ажлын баталгаа, цалин хөлсний хэмжээ гээд олон зүйлд нөлөөлж байна. Шүүх хяналтаас буруутай этгээдийг хурдан тодруулж, асуудлыг хурдан шийдэж өгөхийг хүсэхэд “шалгалтын явц үнэхээр хүндрэлтэй байна” гэсэн хариу өгдөг” гэлээ.