Шинэ баяр айсуй. Цасан бударсан тэнгэрийн дор гацуур модоо засаж, төрөл бүрийн хэлбэртэй чимэглэлүүдээ өлгөөд шинэ оноо угтах сайхан. Энэ жилийн хувьд иргэд гацуураа эко тоглоом буюу эсгийгээр хийсэн чимэглээр чимэхийг хүсэх болжээ. Эсгий чимэглэл нь байгальд ээлтэйгээс гадна хагарч хэмхрэхгүй эдийн засагт хэмнэлттэй, өнгө үзэмж гоёмсог байдаг. Ингээд та бүхэндээ эсгий чимэглэл урлаач Э.Гантуяа танилцуулж байна.
Зө.мн: – Сайн уу Э.Гантуяа. Үйл уран уу? Бүтээл арвин байна уу?
Э.Г: – Сайн сайн байна уу? Арвин сайн байна.
Зө.мн: – Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?
Э.Г: – Би одоо 24 настай. Сэтгүүлч мэргэжилтэй ч одоогоор хоёр хүүгээ асарч байна. Энэ хугацаанд сонирхлоороо гацуурын ноосон бөмбөлөг хийж байна даа.
Зө.мн: – Өнөөдөр хүн бүр эх дэлхийгээ хайрлах урианд нэгдэж байна. Таны хувьд эсгийг сонгож бүтээл урлах болсон шалтгааныг үүнтэй холбож ойлгож болох уу?
Э.Г: – Тэгэлгүй яахав. Анх хоёр хүүдээ зориулж ямар материалаар тоглоом хийж өгвөл хүүхдэд маань аюулгүй, цаашлаад байгальд ээлтэй байх вэ гэж бодсон. Одооны тоглоомууд бүгд хуванцар материалаар хийгдсэн байдаг учраас санаанд нийцдэггүй. Тиймээс удаан бодсоны үндсэн дээр ноосоор бөмбөлөг хийх аргыг сурч, хийж эхэлсэн дээ.
Зө.мн: – Ер нь эсгийгээр хэчнээн төрлийн бүтээл урлаж болдог вэ? Та хэдэн төрлийн ямар ямар бүтээл хийж байна?
Э.Г: – Эсгийгээр маш олон төрлийн ахуйн болон гоёлын зүйл хийж болно. Ноосоо эсгийрүүлж гэрийн шаахай, гутал, малгай, ороолт хийнэ. Эсгийгээр саван хүртэл хийж болдог гээд бод доо. Миний хувьд эсгийгээр гацуурны бөмбөлөг болон сувинер тоглоом, түлхүүрний оосор, номын хавчуурга, энгэрийн зүүлт зэргийг хийдэг.
Зө.мн: – Гацуурны бөмбөлгөө хэрхэн чимэглэж байна. Ямар үнэтэй гарч байна?
Э.Г: – Бөмбөлөг дээрх зургийг анх нэтээс харж дууриаж хийж чимдэг байсан. Харин одоо хүмүүсийн хүссэн амьтан, хүүхэлдэйн баатрын дүрээр чимэглэдэг болсон.
Зө.мн: –Нарийн ур чадвар шаардсан дүрстэй бөмбөлөг захиалсан тохиолдол бий юу?
Э.Г: – Байлгүй яахав. Зарим хүмүүс гэрийн тэжээвэр хайртай амьтныхаа дүрсээр тоглоом хийлгэх сонирхолтой байдаг. Миний хувьд захиалгынх нь дагуу тухайн амьтантай нь адилхан болгох гэж хичээж байна даа.
Зө.мн: – Хийсэн бүтээлүүдээ хэрхэн борлуулж байна?
Э.Г: – Анх хийсэн зүйлүүдээ сонирхуулах гэж нүүрномдоо зургийг нь оруулдаг байсан. Гэтэл зургууд маань их хандалт авах болж, тоглоом хийлгэх захиалгууд ирэх болсон. Одоо ч захиалгуудаа энэ маягаар л авч хийж байна.
Зө.мн: – Эсгий бүтээгдэхүүн хэрэглээ, эдэлгээ хэр байдаг вэ?
Э.Г: – Эсгий бүтээгдэхүүн маш удаан эдэлгээтэй байдаг. Мөн эсгийгээр бидний хэрэгцээг хангаж чадах маш олон бүтээгдэхүүнийг хийж болдгоороо гайхамшигтай.
Зө.мн: – Гэртээ суугаа бүсгүйчүүддээ хандаж эсгийгээр хэрхэн бүтээгдэхүүн хийх хялбар зөвлөгөө өгөөч?
Э.Г: – Гэртээ хүүхдээ хараад суух нь амьдралдаа олон зүйлсийг хэрэгжүүлэх алтан үе юм. Бүсгүй та эсгийгээр урлал хийхийг хүсэж байвал эхний ээлжинд өөрт хэрэгтэй зүйлсээ цуглуул. Гар урлалын дэлгүүрүүдэд (Sunshine, Craft shop,Sayana гэх мэт) ноос болон шивүүр зүү зэрэг хэрэг болох зүйлсийг худалдаалдаг. Эхний ээлжинд ноосоо бага хэмжээгээр авах хэрэгтэй. Улмаар юүтүбэд (youtube) бүх зааврыг харуулсан бичлэгүүд зөндөө байдаг. Тэрийг дууриагаад хийгээд байхад аяндаа сурчихна. Мөн гар урлалын төлбөртэй болон төлбөргүй олон сургалт байдаг, түүнд бас хамрагдаж болох юм. Мөн хүмүүстээ хандаж хэлэхэд Монголд эсгийгээр маш олон төрлийн бүтээл урладаг хүмүүс олон байна. Тэднийхээ хийсэн зүйлийг дэмжээд эсгийгээр хийсэн зүйлсээ ядаж битгий гадаадын орноос худалдаж авч байгаарай гэж хэлмээр байна.
Зө.мн: – Танд маш их баярлалаа.
Зочин
2024-05-01
Сүүлийн үед эсгий сургалт г Нэртэй гадаад урлаачидын загвар хуулж зардаг заадаг ичихээ бсан бна .Сургалт хүртэл загвар хулгайлж зардаг Монголын эсгий урлаачидын нэр хүндэд муугаар нөлөөлж гадаадад тоохоо болих . СҮРХИЙ БАГШ НАР ГАРЧ ИРЭЭД БГАА