Цаг үеийн мэдээ

            Уншигч та бүхэндээ энэ удаагийн ярилцлагын буланд урьсан хүндтэй зочноо танилцуулахад таатай байна. Түүнийг Л.Энхзул гэдэг. Өдгөө Лондон хотноо сурч амьдарч, хоол хүнс, шим тэжээлийн талаар өргөн талт судлагаа хийж, үр дүнгийнх нь талаар "Чихрээ танасан тэмдэглэл" пэйж хуудсандаа сонирхолтой мэдээлэл хийдэг түүний үр өгөөжтэй ярилцлагыг тухлан сууж уншина уу?  

Зө.мн: Сайн уу Энхзул аа. Таны ажил тавтай байна уу? Та өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулна уу?

Л.Э: - Сайн байцгаана уу. Танай сайтын уншигчидтай танилцаж байгаад баяртай байна. Би МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөж мэргэжлээрээ ажиллаж байгаад Их Британи улсад Бизнесийн менежментээр сурахаар ирээд байна. Энэ хугацаанд хоёр сайхан хүүхэд төрүүлж, манайх гэдэг айл дөрвүүлээ болсон. Би одоогоор "Nutrition for Public Health" буюу "Шим тэжээл олон нийтийн эрүүл мэндэд" хэмээх чиглэлээр Лондон хотноо сурч байна. Миний ойрын зорилго бол сэтгүүлчийн мэргэжлээ шим тэжээлийн чиглэлээр дагнан төрөлжүүлж нийтэд тэнцвэрт хооллолтын талаархи мэдлэгийг эмх цэгцтэйгээр хүргэх юм. 

Зө.мн: Шим тэжээл судлагч мэргэжил тань маш их сонирхол татаж байна. Энэ ажлын хүрээнд ямар ямар судалгаа хийсэн бэ? Хэр үр дүнд хүрч байна?  

Л.Э: - Тийм ээ, энэ бол маш сонирхолтой сэдэв. Миний хамгийн анхны судалгаа Англид цагаачилж ирсэн, мусалман шашинтай, бага насны 3 хүүхэдтэй, голчлон хүргэлтийн болон хэт боловсруулсан бэлэн хүнсээр дагнадаг эмэгтэйн хооллох хэв маяг түүний болон гэр бүлийнхнийх нь эрүүл мэндэд урт хугацаанд хэрхэн нөлөөлөх талаархи судалгааны ажил байсан. Санхүүгийн байдал, нийгэм, орчин хандлагыг хэрхэн өөрчилдөг талаар өргөн цар хүрээтэй судалсан. Харин яг одоо сахарын хэт хэрэглээ хүний эрүүл мэндэд ямар үр дүн авчирдаг талаар дэлгэрэнгүй судалгаа мэдээллийг энгийн, ойлгомжтой, сонирхолтой байдалд оруулж, ном болгон хэвлүүлэхээр уйгагүй ажиллаж байна. Энэ бол миний хамгийн анхны дорвитой ажил болох юм. Дэлгүүрийн бэлэн, хэт боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээ зонхилбол ямар үр дүн авч ирдгийг шим тэжээлийн чиглэлээр сурч байгаагийн хувьд, мөн хэт боловсруулсан хүнсний хэрэглээ хамгийн өндөртэй Европын оронд амьдарч байгаа хүний хувьд харьцуулж дүгнэсний үндсэн дээр Монголчууддаа хамгийн сүүлийн үеийн мэдээлэл хүргэж, энэ талын боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулна. 

Зө.мн: - Таныг “Чихрээ танасан тэмдэглэл” пэйжийн админ гэдгээр олон хүн мэднэ. Харин ямар учир шалтгаанаар энэ пэйжийг хөтлөх болсон бэ?

Л.Э: - Анх чихэрлэг зүйл идэхэд сэдэрдэг арьсны тууралт, шархлаагаа намжаах зорилгоор чихрийн хэрэглээгээ багасгаж эхэлсэн. Энэ талаараа пэйждээ контент бэлтгэж оруулах болсон. Гэтэл мэдээллийг цэгцтэй байдлаар, системтэйгээр хүргэх нь илүү дээр санагдсан тул номоо бичиж эхлээд байна. Номын ажил ерөнхийдөө цэгцэрч, одоо шалгах, хянан нягтлах шатандаа явна. Сахар багатай амттаны жор гаргах бүртээ пэйждээ хуваалцахад хүмүүс ч бас гэртээ хэрэгжүүлж эхэлснээр пэйж улам өргөжиж, чихрээ танах хүсэлтэй хүмүүсийн нэгддэг талбар болж байгаад баяртай байдаг.

Зө.мн: - Таны пэйжийн нэрийг хараад л чихэр хэмээх зүйлийг амьдралаас шууд хасах юм байна гэж ойлгогдож байна л даа. Ер нь чихэр хүний бие организмд хэрэгтэй болон хэрэггүй талуудаас нэрлэнэ үү?

Л.Э: - Чихэрлэг амтыг хүн хамгийн анх эхийн сүүнээс мэдэрдэг. Өөрөөр хэлбэл эхийн сүүнд лактоз хэмээх чихрийн нэг хэлбэр оршдог. Бүх ургамал нарны гэрлийг энерги болгон хувиргах явцад чихэр ба хүчилтөрөгч гэсэн дайвар бүтээгдэхүүн үүсгэдэг. Тэгэхээр бид ургамлаас дамжуулж мөн чихрийг авч байна. Энэ утгаараа чихэр хүний хэрэглээнд байсаар ирсэн, цаашдаа ч байх  болно. Харин чихрийн нишингэ, чихрийн манжин зэрэг ургамлаас сахар гаргаж авснаар сахар орчин үед хүний хэрэглэдэг дийлэнх хоол хүнсэнд агуулагдах болсноор чихрийн илүүдэл үүсэж, үүнтэй хамааралтай хэт таргалалт болон таргалалттай хавсарч ирдэг өвчний асуудал гарч ирсэн. “Чихрээ танасан тэмдэглэл” гэдэг нэр бол “танах” буюу багасгах гэдэг агуулгаар орсон үгний сонголт байгаа юм. ДЭМБ-аас “нэмэлт чихэр” ба “байгалийн гаралтай чихэр” гэдэг хоёр ухагдахууныг танилцуулсан байдаг. Нэмэлт чихэрт: элсэн чихэр, зөгийн бал бүх төрлийн сироп, жүүс орно.

Байгалийн гаралтай чихэрт: жимс, жимсгэнэ, ногоо сүүнд цаанаасаа байдаг. Нэмэлт чихрээ багасгаад шаардлагатай үедээ байгалийн чихрээр орлуулж, байгалийн чихрийг түлхүү хэрэглэж байвал эрүүл мэндэд сайн. Хүний идсэн нүүрс усны төрлийн бүх хүнс цааш задарч цусанд глюкоз буюу сахар болон хувирч энергийн эх үүсвэр болж эд эсэд очдог. Энэ талаас нь чихрийг хэрэгтэй гэж үзэж болох ч хэтэрхий түргэн глюкоз болж хувирдаг хүнс, жишээ нь чихэр шоколад, ундаа жүүс хэрэглэх нь микро шим тэжээл буюу эрдэс амин дэмээр хомс, түүнээс гадна нойр булчирхай, элгэнд халтай.

Зө.мн: - Чихэргүй, амттангүйгээр амьдралыг төсөөлөх жаахан гунигтай санагдаж байна л даа. Тэгэхээр мэдээж чихрийг орлуулах ямар нэгэн зүйл бий байх?   

Л.Э: - Байлгүй яахав. Эслэг болон сайн тослогоор элбэг самар, үр, хэт боловсруулаагүй орц агуулсан байдлаар төрөл бүрийн амттан бэлтгэж болно. Жишээлбэл сахарны оронд хасарваань, гадилаар орлуулж чихэрлэг амт нэмж болж байна. Хэдийгээр эдгээр нь чихрийн нэг төрөл болох авч хавсарч ирэх эрдэс, амин дэм, эслэгийн ачаар эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь “хоосон” сахараар амталсан амттангуудаас арай дээр. Уураг агуулдаг самар, үрээр баяжуулснаар цусны глюкозыг огцом хэлбэлзүүлэхгүй, алгуураар түвшинг нь дээшлүүлнэ. Миний гаргадаг жорууд дандаа энэ талаас нь бодолцсон шийдлүүд байдаг. Хэрэв гэртээ амттан бэлтгэх боломжгүй бол бэлэнг авахдаа хоол хооронд биш, харин уургаар элбэг үдийн хоолтойгоо цуг хэрэглэж байгаарай. Өдөр эд эрхтнүүдийн ажиллах, хоол боловсруулах био чадамж сайн байдгаас гадна шүлсний ялгаралт ихтэй үед амттан идсэнээр шүдэнд хал багатай.

Зө.мн: - Бид сахарны оронд сахар орлуулагч хэрэглэдэг шүү дээ. Мөн ундааны “zero” буюу сахаргүй хэлбэр зөв сонголт болж чадах уу?  

Л.Э: - Чихэрлэг ундааны сахаргүй хэлбэр, жишээлбэл “zero”, болон “light”, “diet” гэгдэх ундаанууд нь химийн нийлэг орлуулагч ашигласан байдаг. Хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрсөн “aspartame” мэтийн маш нялуун амтлагчууд хүний биеийн  микробиотад сөрөг нөлөө үзүүлдэг. Микробиота нь хүний биеийн бичил нянгууд юм. Сахар орлуулагч нь эргээд чихрийн хорхойсол төрүүлдэг учраас байнга хэрэглэх нь зөв шийдэл болж чадах эсэх нь эргэлзээтэй.

Сахар орлуулагчийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний тал дээр урт хугацааны, өргөн цар хүрээтэй судалгааны ажил хараахан хийгдээгүй байна.

Зө.мн: - Сүүлийн үед бид хаа хамаагүй зүйлсийг органик хүнс гэж нэрийдэх болжээ. Тэгвэл яг ямар бүтээгдэхүүнийг органик хүнс гэх вэ? 

Л.Э: - Аль болох байгалийн жамаар өөрөөр хэлбэл хортон шавьж устгах шүршлэг, химийн бордоо ашиглахгүйгээр ургуулсан жимс ногоо, тариа будаа,  түүнчлэн байгалийн өвс тэжээлээр идээшиж, антибиотик болон таргалуулах дааврын тариа хэрэглэхгүйгээр өсөж байгаа бэлчээрийн малын мах, сүүн бүтээгдэхүүнийг органик гэнэ. Боловсруулсан сав баглаа боодолтой бүтээгдэхүүний хувьд бүрдүүлж буй орц найрлагын 95 хувь нь органик байж сая энэ тодотголыг шошгон дээрээ байршуулах эрхийг Европт олгодог. Их Британид “органик” гэдэг нэр өгөх эсэхийг шийдэх эрх бүхий 9 байгууллага байдаг ба нэгэнт олгосон “органик” сертификатыг сунгуулахын тулд аж ахуй эрхлэгч, тариалагч, фермэрүүд жил бүр давтан шалгалтаар ордог. Европт органик бүтээгдэхүүнийг тодорхойлох тогтсон тэмдэглэгээтэй.

  Монгол улсад гаднаас оруулж ирж байгаа яг ямар хүнсийг органик хэмээн нэрлэх, нэгдсэн журмаар төрөлжүүлэх, эсвэл хэрэглэгчид дөхөмтэй таних тэмдэглэгээ тавих тал дээр дүрэм хэрэгтэй байна.

НОГОО, ЖИМС, МАХ, СҮҮ ТАРАГ, САМАР, ҮР ТАРИА, ШОШЫГ ТЭНЦВЭРТЭЙГЭЭР ХЭРЭГЛЭВЭЛ ШИМ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛД ОРОХГҮЙ

Зө.мн: - Шим тэжээлтэй хүнс гэдэг нэгдсэн сайн ойлголт бидэнд байдаггүй. Зарим нь махтай хоол сайн гэдэг бол зарим нь төрөл бүрийн ногоонд шим бий гэдэг?

Л.Э: - Уураг, өөх тос, нүүрс ус гэсэн үндсэн гурван хүнснээс бид хэрэгцээт тэжээлээ авдаг. Үүн дээр ус нэмэгдэнэ. Үүнийг макро шим тэжээл гэж нэрлэдэг. Харин микро шим тэжээл нь эрдэс, амин дэм. Энэхүү эрдэс амин дэм нь макро шим тэжээлдээ агуулагддаг. Эрдэс амин дэмийн хэрэгцээт тун нь асар бага. Тэгсэн мөртлөө хүний биеийн эд эсийн ус давсны тэнцвэртэй хэмжээг зохицуулахад оролцож, хүчил шүлтийн харьцааг зохицуулж, ферментүүдийн хэвийн ажиллагааг хангах зэрэг биохимийн чухал үүрэгтэй. Амин дэмийн зарим нь тосонд нөгөө хэсэг нь усанд уусаж бодисын солилцоонд оролцдог. Хэт боловсруулсан хүнсээ багасгаад аль болох дангаараа байгаа хүнс сонгож өөрсдөө шинэхнээр нь бэлтгэж хэрэглэх нь шимтэй сайн хоололтын нэг үндэс болно. Жишээлбэл үйлдвэрийн аргаар олноор нь хийж, савласан бүтээгдэхүүнүүд ихэнхдээ амтан дээр тулгуурласан байх ба аль болох хямд төсөр, чанаргүй орц найрлага ашигласан байдаг. Энэ нь хүнд хэрэгтэй байгаа илчлэгийг өгөх авч шим тэжээлээр бага. Гэтэл ногоо, жимс, мах, сүү тараг, самар, үр тариа, шошонд бидний яриад байдаг шим элбэг ба тэнцвэртэйгээр хэрэглэж чадвал шим тэжээлийн дутагдалд орохгүй. Жимс, ногоо гэхэд ургамлын биологийн идэвхитэй бодис болох ургамлын шимийг агуулдаг. Мал сүрэг ч ялгаагүй, энэхүү ургамлын шимээр хооллосноор тэднээс ирэх мах сүүний чанар ч сайн байна.

 

Зө.мн: -Өсөж том болж байгаа хүүхдэд шимтэй хоол нэн түрүүнд хэрэгтэй. Тэгэхээр хүүхдийг ямар насанд яаж хооллох вэ?

Л.Э: - Хэдэн насны хүүхдэд хэр микро шим тэжээл хэрэгтэй вэ гэдгийг тайлбарлахад насны онцлогт тохируулан амин дэм эрдэс тус бүрээр нь нарийн харуулах хэрэгтэй болно. Энд дурьдвал их урт үргэлжилсэн тоо орох нь байна. 2020 онд хэвлүүлэх номондоо эцэг эхчүүдэд хэрэг болох жишгийг дэлгэрэнгүй багтаасан. Харин хүүхдийн хооллолтод дараах үндсэн ойлголтыг мэдэж байвал зүгээр. 

НЭГ: Аль ч насны хүүхдийн хооллолт дээр хамгийн чухал нь хүнсний төрөл зүйл. Яагаад төрөл зүйлийг чухалчилж байгаа вэ гэвэл олон төрлийн хүнс хэрэглэснээрээ тэдгээрээс ирэх шим тэжээлийг шингээн авах боломж нэмэгдэх учраас.

ХОЁР: Эхийн сүү биш харин найруулдаг бэлэн хуурай сүүгээр хооллож өсөж байгаа нялхсын хувьд нэмэлт амин дэм өгөхөөсөө өмнө угжиж байгаа сүүний найрлагыг анхаарна. Жишээлбэл ихэнх найруулдаг нялхын сүү Д амин дэмийг цаанаас нь агуулсан байдаг тул өдөрт 500 млаас дээш найруулдаг сүү ууж байгаа нөхцөлд нэмэлтээр Д шаардлагатай юу гэдгийг тооцно.

ГУРАВ: Хоёр хүртэлх насны хүүхдийн хэрэглэх эслэгийг хэтрүүлбэл бусад шим тэжээлтэй хоол хүнс идэх дуршил буурдаг тул энэ насанд эслэг өндөртэй хүнсээр дагнахын оронд шингэц сайтай олон төрлийн хоол өгөхийг зориорой.

ДӨРӨВ: Хүүхдэд багаас нь сахар багатай хүнс танилцуулснаар хожим чихэргүй л бол ямар нэг хоолыг иддэггүй муу зуршил суухаас сэргийлдэг. Таргийг таргаар нь ямар нэг чихэргүйгээр, талхыг талхаар нь ямар нэг чихэрлэг түрхлэггүйгээр идүүлснээр хүүхэд олон төрлийн хүнсийг голохгүй иддэг болдог.

ТАВ: Кальцийн хэрэглээ 11-18 насныханд хамгийн өндөр байна. Өөрөөр хэлбэл энэ үед нь кальциар элбэг сүү цагаан идээ, бяслаг, тараг, брокколи, буржгар байцаа, бууцай, улаан шош, навчлаг байцаа, буурцаг, хушны самар, сардин загас зэрэг хүнсийг оролцуулбал сайн. Хүн кальцийн хуримтлалаа хүүхэд болон залуу насандаа бүрдүүлж авдаг ба 40 наснаас хойш кальциа алдаж эхэлдэг. Кальцийн сангаа бүрдүүлэх ёстой үед нь бүрдүүлж чадсан бол хожим бэртэл, ясны сийрэгжилт, шүд уналтаас сэргийлж чадна.

ЗУРГАА: 11-18 насны охидод төмрөөр элбэг хоол хүнс маш чухал.  Сарын тэмдэг ирж эхлэх үеэс цус багадалт үүсэх тохиолдол их ба анзаарахгүй удвал архагшдаг. Төмөр нь хүчилтөрөгчийг тархаан дамжуулах чухал үүрэгтэй. Мах, элэг, бөөр, хар ногоон өнгийн ногоо, самар, үр, какао, хар шоколад, өндөг, үзэм, чангаанз бол төмрөөр элбэг хүнсний жишээ.

Зө.мн: - 60-аас дээш насны болон өндөр настай хүмүүсийн шим тэжээлтэй хооллолтоос нэрлэвэл?

Л.Э: - Насжилтыг дагаж хөдөлгөөн багасдгаас настай хүмүүсийн хувьд хоолны порц мөн дагаж багасна. Залуус нарны гэрлийг арьсаар дамжуулан Д амин дэм болгохдоо сайн бол насжилтыг дагаж энэ явц саармагждаг. Иймд настай хүмүүс нэмэлт бэлдмэлээр Д амин дэм ууж болно. Хүүхэд насанд болон залуу насандаа хүн ам цангалтад мэдрэг байдаг бол настай хүмүүст энэ чадвар буурдаг. Иймээс тэд шингэн сайн уух хэрэгтэй. Шингэн дутагдах нь толгой өвдөх, өтгөн хаталтаар илэрч болно. Өдөрт 1600 мл шингэн уухыг зөвлөдөг.

 

Зө.мн: - Хүнснээсээ чихрээ хасчихвал турна гэж боддог ч нөгөө талаар энэ нь амжилтгүй болдог шалтгаан юундаа байдаг вэ?

Л.Э: - Чихэр нь ихэвчлэн хэт боловсруулсан бүтээгдэхүүнтэй хавсарч ирдэг. Чихрээ хассанаар чихэр, амттангууд, төрөл бүрийн ундаа, шоколад дагалдаж хасагдсанаар өөхний хуримтлал аажмаар багасдаг нь үнэн. Чихрээ хассанаар жин хаяж чадахгүй байх нь хоёр шалтгаантай. Нэгд: “би гоё зүйл идэж чадахгүй байна” гэсэн бодол байсаар байгаагаас хориод байгаа тэр хүнсний оронд өөр хүнсний эх сурвалжаа ихэсгэж хэтрүүлснээс таргалалт үүсдэг. Ийм учраас огт хорих биш харин тэнцвэртэйгээр, тэр тусмаа чихрийн зөв хэрэглээг өөртөө дадал болгон суулгах чухал. Энэ талаар 3 жил судалсны хувьд хэрхэн яаж чихрийг зөв хэрэглэж, жингээ хэвийн хэмжээнд барих боломжтой вэ гэдэг арга хөтөлбөрийг боловсруулж номондоо тусгаж байгаа. Олон хүнд хэрэг болох арга барил байх болно гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт: Тууштай байж чаддаггүйгээс энэ нь амжилтгүй болдог. Өөрөөр хэлбэл нэгээс хоёр долоо хоног чихрээ тас хориод тэсвэр алдаж, тэр хугацаандаа идээгүйгээсээ их чихрийг нэг дор хэрэглэдгээс. Гэтэл хүний бие чихэр давамгайлсан хооллолтод урт хугацаанд дадсан байдаг. Биенээсээ богино хугацаанд гэнэтийн өөрчлөлт хүсдэг байдал олон хүн дээр ажиглагддаг.

Зө.мн: - Сүүлийн үед цагаан өнгийн сахараас татгалзаж бор өнгийн сахарыг уриалах болсон. Тэгвэл бор сахар хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй байж болох уу?

Л.Э: - Бор сахар цагаан сахартай харьцуулахад бага хэмжээний эрдэс амин дэм, чийг буюу ус агуулдгаараа ялгаатай .Гэвч асуудлын гол нь өнгөний сонголтод бус харин бор сахараа хэр хэмжээгээр хэрэглэж байна вэ гэдэгт байна. Цагааныг бороор сольчихвол ямар ч асуудалгүй гэдэг ойлголт  хүмүүсийн дунд өргөн байдгаас сахар болон сахартай хүнсний хэрэглээ өндөр хэвээр байгаад хамаг учир байгаа юм.

Цагаан ба бор сахар хүний биед ороод цааш задрах явц нь яг адилхан. Ялгаагүй элэгний болон дотор эрхтний өөхлөлтийг дэмжиж, цусан дахь тосны хэмжээг нэмдгээс зүрх судасны үйл ажиллагааг муутгадаг. Энэ хоёр сахарын ялгааны талаар пэйждээ дэлгэрэнгүй тайлбарлаж бичлэг хийснээс танилцаж бас болно.

Зө.мн: -  Бидний ярилцлагаас уншигчид маань нэгийг бодож, хүүхдүүдийнхээ хүнсэнд анхаарч эхлэнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс эхний алхамд нь туслах үүднээс та хүүхдүүддээ хийж өгөх дуртай амттаны жороос хуваалцаач?

Л.Э: - Нэг аяга хар чавга , 4 халбага нунтаг цэвэр какао, нэг аяга хасарваань, нэг аяга бүйлс самар, нэг халбага кокосны тос болон ямар нэг үрийг бутлагчид хийж зуурмаг болгоод жижиг жижгээр таслан бөмбөлөг хийж хөргөөд хэрэглэх дуртай. Чихэрлэг мөртлөө хатаасан жимсний төмөр, самрын тослог, эслэг, какаоны магнийн агууламж, амархан задран зарцуулагддаг кокосны тос нь дэлгүүрийн бэлэн сахар ихтэй шоколад, будагч болон хиймэл бодис бүхий чихэрнүүдээс харьцангуй дээр сонголт болдог шүү.

Зө.мн: -  Чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа. Таны судлагааны ажилд амжилт хүсье!

Л.Э: -  Маш их баярлалаа.  Ер нь цаг зав шингэсэн бүхэн эерэг үр дүнг өгдөг тул гал тогоондоо зарцуулах, тэр тусмаа хүүхдүүдтэйгээ хамт шинэхэн хоол унд бэлтгэх цагийг амралтын өдрүүдээрээ гаргахыг хичээгээрэй. Энэ үед хүүхэд хоол унд бэлтгэж байхдаа шим тэжээлийн талаар сонирхон асуулт тавьж, эцэг эхэд ч хүүхэддээ эрүүл хооллолтын талаар мэдлэг боловсрол өгөх боломж гардаг. Хоол хүнсээ шинэхнээр нь гэртээ бэлтгэдэг уламжлалаа хадгалцгаая Монголчууд минь гэж уриалах байна.

 

 

Таны сурталчилгаа