Цаг үеийн мэдээ

МУСТА, Хөгжмийн зохиолч Гомбосүрэнгийн Жанцансамбуугийн бие даасан анхны тоглолт 12 дугаар сарын 12-нд “Улаанбаатар палас”-т болох гэж байна.  Түүнийг дуучин Г.Ариунбаатар, Д.Отгонжаргал нарын хамтран дуулсан "Амин үргэлжлэл", "Зүрхэнд эгшиглэх нутаг" зэрэг дуугаар сайн мэдэх билээ.

Зө.мн:- Танд энэ өдрийн мэнд хүргэе!  2019 онд уран бүтээлийн олз омог хэр байна?

Г.Ж:  Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд 2019 он уран бүтээлийн олз омог дүүрэн сайхан хайрлалаа.  Энэ жил "Амин үргэлжлэл", "Зүрхэнд эгшиглэх нутаг" хэмээх хос цомгоо гаргалаа. Мөн өнгөрсөн 6 сард "Хонгор нутгийн дуулал" хэмээх бүтээлийг нутагтаа зориулж туурвисан. Сүүлд СГЗ Данзангийн Нямаагийн шүлгээр "Нэгэн насны хайр" дууг бүтээж МУГЖ дуучин Л.Болдбаатар дуулууллаа.

Зө.мн:- Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаасаа хуваалцаач?

Г.Ж: За сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачин гэвэл энэ сарын 12нд "Амин үргэлжлэл" нэртэй бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийх гээд амьсгаа дээгүүр л явж байна. Гэхдээ тоглолтын бэлтгэл ажил ид ерөнхийдөө хангагдаад байна. Тоглолтынхоо өдрийг бараг хүлээгээд сууж байх хэмжээний боллоо. Сайхан сэтгэл, зүтгэлтэй олон хүн хамтран ажиллаж байгаа болохоор их урамтай байна.

Зө.мн:-  Тоглолтод ямар ямар уран бүтээлчид оролцох вэ?

Г.Ж: Тоглолтод маань нийтдээ дуучид  бүжигчид нийлсэн 40 гаруй уран бүтээлчид оролцож байна. Энэ тоглолт маань миний 15 жилийн хугацаанд хийсэн уран бүтээлүүдээс маань бүрдэж байгаа юм. Ер нь сүүлийн жил гаруйн хугацаанд энэ тоглолтоо хийхээр бодож төлөвлөж явлаа. Тоглолтод маань МУГЖ Дуучин С.Ганзориг, Л.Болдбаатар, "Маск " продакшны жүжигчин М.Баярмагнай, Б.Батсайхан, Д.Отгонжаргал, поп дуучин Наагий нарын уран бүтээлчид оролцох юм.  

Зө.мн:-   Тоглолтын нэр их онцлог санагдаж байна л даа. Яагаад "Амин үргэлжлэл" гэж нэрлэх болов?

Г.Ж: "Амин үргэлжлэл" гэдэг маань нэгдүгээрт миний цомгийн нэр. Хоёрдугаарт энэ дууг маань "Чингис хаан" одонт дуучин  Г.Ариунбаатар, Д.Отгонжаргал нар дуулснаар олонд хүрсэн. Мөн энэ удаагийн тоглолт маань "Амин үргэлжлэл" цомгийн маань баяр юм.

Зө.мн:-  Тоглолтыг тодотгож байгаа энэ бүтээл хэрхэн төрсөн түүхийг асуухгүй өнгөрч боломгүй санагдаж байна?

Г.Ж: Энэ дууны шүлэг нь Элчин сайд Ш.Батцэцэгийн маань шүлэг юм. Найз маань нэг өдөр надтай уулзаж шүлгээ харуулаад ая зохиох санал тавьснаар дуу бүтсэн. Улмаар хэнээр дуулуулах тухай их ч бодсон. Ингээд Г.Ариунбаатар, Д.Отгонжаргал нарт санал тавьж дуучид маань сайхан хүлээж авч энэ сайхан дуу бүтсэн түүхтэй. Одоогийн байдлаар энэ дууг маань дуучин Д.Отгонжаргал ганцаараа дуулж дүрсжүүлээд байна.  Энэ авьяаслаг дуучинтай 2-3 уран бүтээл дээр хамтарч ажиллаа. Бид хоёрын "Хайрын эгшиглэн" дуу Морин хуур наадмаас Шилдэг хайрын дууны шагнал хүртсэн.

 

Зө.мн:-   - Урын сандаа одоогоор хэчнээн бүтээлтэй болж байна вэ?

Г.Ж: - Одоогийн байдлаар сонсогчдыхоо сонорт хүрсэн 50 орчим, хараахан бэлэн болоогүй мөн 50-иад тооны бүтээл байна. Хүүхдийн дуу гэвэл мөн 50 орчмыг бичжээ. Үүнээс гадна аймгийнхаа театрт ажиллаж байхдаа “Сүүн совин” нэртэй жүжгийн хөгжим бичсэн.

Зө.мн:-   Тоглолтод дуучдаас гадна өөр уран бүтээлчид оролцох уу?

  Г.Ж: - За тоглолтод маань гайхамшигтай авяаслаг яруу найрагчид болох АУЗ Тангадын Галсан, СГЗ Данзангийн Нямаа, яруу найрагч Л.Эрдэнэбат нар  маань хүрэлцэн ирж яруу найргуудаасаа үзэгчдэд дээжлэн хүргэнэ. Яруу найрагч Л.Эрдэнэбат бид хоёр гар нийлж олон уран бүтээл дээр ажилласан. Мөн тоглолтын үеэр миний бие дуунуудаасаа өөрөө хөгжимдөж дуулна.

  

Зө.мн:-   Уншигчдад маань гэр бүлээ танилцуулаач? Хүүхдүүд нь урлагт хэр элэгтэй байна даа?

Г.Ж: - Гэргийг маань Д.Оюундэлгэр гэдэг. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын бүсгүй. Өдгөө МУИС-д хүний нөөцийн албанд ажиллаж байна. Бид Ж.Хаш-Эрдэнэ, Ж.Энх-Эгшиглэн хэмээх хүү, охин хоёртой. Тэд маань дунд сургуульд суралцдаг. Охин маань төгөлдөр хуурын дугуйланд явдаг. Хөгжимд их сонирхолтой. 2013 онд Байгаль орчны яамнаас Монголд төдийгүй дэлхийд ховордоод байгаа Мазаалай гэдэг амьтныг хамгаалах, өсгөж үржүүлэх тухай сэдэвт улсын уралдаанд хадам ааваараа “Тунтгар хөөрхөн мазаалай” нэртэй шүлэг бичүүлж, аяыг нь өөрөө хийгээд охиноороо дуулуулсан тэргүүн байр эзэлж байлаа.

Зө.мн:-    Дэлгэрэнгүй сайхан ярилцсан танд баярлалаа. Таныг урлагийн Янжинлхам бурхан өнөд ивээг.

Г.Ж: -  Маш их баярлалаа.   Энэ дашрамд тоглолтыг маань дэмжиж ажилалж байгаа нутгийн зон олон, УИХ-ын гишүүн н.Элдэв-Очир, Баянхонгор аймгийн Засаг дарга н.Бат-Очир Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газар, UBM Hotel Galeria Хонгорын хүдэр компани, Буян Богд компани, Гурван булаг Сод компаниуддаа баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.  

 

Таны сурталчилгаа