Өнгөрсөн шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 30 зөрчлийг тээврийн цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар илрүүлэн цаашид гарч болзошгүй хор, уршигаас урьдчилан сэргийлэн ажиллажээ.
Арванхоёрдугаар сар гарснаас хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Зөвхөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос гадна, өөрийн үйлдлийг хянах чадваргүй үедээ явганаар зорчих хэсэг дээгүүр, гарцгүй газраар зам хөндлөн гарсан иргэд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.
Мөн албан ёсны бүртгэлгүй цаашлаад жолоодох эрхийн үнэмлэхгүй, тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангилалгүй, жолоочийн даатгалгүй иргэд өөрсдийгөө дуудлагын жолооч хэмээн иргэдийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох, зам тээврийн осолд холбогдож ослын газрыг орхиж явдаг зөрчил бүртгэгдсэн байна.
Иймд тээврийн цагдаагийн албанаас хяналт шалгалтандаа анхаарч нэгдсэн болон хэсэгчилсэн хяналт шалгалтыг ил болон далд хэлбэрээр, мөн иргэдийн өгсөн мэдээллээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох зөрчлийг илрүүлэн ажиллаж байна.Хөдөлгөөнд оролцогч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй хүнийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр оролцуулахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв тантай хамт согтууруулах ундаа хэрэглэсэн хүн ганцаараа явж байгаад зөрчил гаргасан, хохирсон тохиолдолд сүүлд хамт байсан хүмүүсийг шалгаж, хариуцлага хүлээлгэдэг болохыг анхаарах хэрэгтэйг сэрэмжлүүлж байна.