Цаг үеийн мэдээ

Бүгд Найрамдах Колумби Улсын Богота хотноо 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЮНЕСКО-ийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталлаа.

Энэхүү хуралд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Монголчуудын бахархал болсон “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхэд дэмжсэн Хорооны гишүүн орнууд, Нарийн бичгийн дарга нарын газар, Үнэлгээний байгууллага, холбогдох хүмүүст Монголын ард түмний болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн ѳмнѳѳс талархал илэрхийлж цаашид Соёлын биет бус өвийн хадгалалт хамгаалалтыг онцгой анхаарч, бүрэн бүтэн байдал, оршин тогтнохыг хангахад шаардлагатай хүчин чармайлт гаргаж, арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ хурлын үеэр манай талаас  илэрхийллээ.

“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхтэй холбоотой бүртгэл судалгаа, нэр дэвшүүлэх баримт бичгийг боловсруулан хүргүүлэх ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага сүүлийн таван жилийн туршид тууштай хийж гүйцэтгэсний үр дүнд ийнхүү дэмжигдэв. Цаашид энэхүү өвийг хадгалж, хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад Монголын ард түмний үүрэг оролцоо чухал билээ.

Монгол Улсын “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртүүлсэн явдалд ЮНЕСКО-гийн Ерѳнхий захирлын орлогч захирал Эрнесто Оттоне манай ард түмэнд талархал дэвшүүлж, амжилт хүссэн байна. Мөн олон орны Засгийн газрын соёлын асуудал хариуцсан төлөөлөгчид баяр хүргэж, амжилт хүслээ.

ЮНЕСКО-ийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дэх хуралд 138 орны 1400 гаруй төлөөлөгч оролцож байгаа ажээ.

“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв юм. Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцид нэгдэн орсноос хойш 2008-2019 онд нийт 14 өв бүртгүүлээд байна. Үүнд:

ХҮН ТӨРӨЛХТНИЙ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЖАГСААЛТАД:

  1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008)
    2. Монгол ардын уртын дуу (2008)
    3. Монгол наадам (2010)
    4. Монгол ардын Хөөмэйн урлаг (2010)
    5. Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл (12 улстай хамтран бүртгүүлсэн ) (2010)
    6. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013)
    7. Шагайн харваа (2014)

ЮНЕСКО-ИЙН ЯАРАЛТАЙ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ СББӨ-ИЙН ЖАГСААЛТАД:

  1. Монгол тууль (2009)
    2. Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009)
    3. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009)
    4. Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил –битүү амьсгаа (2011)
    5. Монгол уран бичлэг (2013)
    6. Ингэ хөөслөх буюу ботго авахуулах зан үйл (2015)
    7. Уул овоо тахих зан үйл (2017) тус тус бүртгэгдээд байна.

Таны сурталчилгаа