Цаг үеийн мэдээ

            Уншигч та бүхэндээ бусдад үлгэр дууриалал болсон нэгэн гэр бүлийг танилцуулахад таатай байна.  Хоёр хүүхдийн хамт амьдардаг энэ залуу гэр бүл хотоос хөдөөг зорин очиж, тэндээ гайхамшигтай амьдралыг цогцлоон амьдарч байна.  Мөн тэд өөрсдийгөө дайчлан бие даан сурсан мэдсэн бүхнээ бусдад түгээж байдаг  үлгэр жишээ гэр бүл. Ингээд та бүхнийг Ч.Ерөөлтүвшин, С.Буянтогтох нартай дэлгэрэнгүй танилцуулья.

Зө.мн: - Сайн байцгаана уу? Танай гэр бүлтэй танилцахад таатай байна. Сайтын маань уншигчдад гэр бүлээ  танилцуулна уу?

Нөхөр - Намайг Ч.Ерөөлтүвшин гэдэг. Ам бүл 4, эхнэр ,хүү, охины хамт амьдардаг. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй, Амьдралын дасгалжуулагч (life coach).

Эхнэр: - Намайг С. Буянтогтох гэдэг. Олон улсын хоол зүйч мэргэжилтэй. Иогийн багш.

Зө.мн: - Танай гэр бүлийг нийслэл хотоос хөдөө н нутагт шилжин амьдарч, бусдад үлгэр дууриал болж байдаг гэр бүл гэж ойлгодог. Анх ямар шалтгаанаар хөдөө амьдрах шийдвэр гаргаж байв? Хөдөө амьдраад хэдэн жил болж байна?

Нөхөр: - Миний хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд эрүүл амьдралын энгийн аргачлалуудыг судалж, амьдралдаа хэвшүүлсэн хүн. Энэ чиглэлээр судлах явцдаа хүн эрүүл амьдрахад цэвэр агаар, байгаль ямар их чухал нөлөөтэй зүйл болохыг гүнзгий ойлгох болсон. Манай Монгол орон шиг цэвэр агаартай, онгон сайхан байгальтай улс орон өнөө үед дэлхийд цөөхөн болжээ. Гэтэл Монголчууд бид өөрсдөд байгаа энэ сайхан зүйлээ анзаарахаа байж, утаа, хөрсний  бохирдол дээд цэгтээ хүрсэн Улаанбаатартаа бөөгнөрч амьдарч, өөрсдийнхөө эрүүл мэндээ хохироож  байгаа нь харамсалтай санагдсан. Мөн хуучин шиг хөдөө хотын ялгаа одоо цагт байхгүй болжээ. Харин эсрэгээрээ хөдөө нутагтаа байгаль цэвэр агаарт интернэттэй орчинд хүссэн мэдлэг мэдээллээ авч хүн эрүүл аз жаргалтай амьдарч болно гэдгийг олж харсан. Эдгээр шалтгааны улмаас гэр бүлээрээ хөдөө орон нутагт амьдрахаар Төв аймгийн Батсүмбэр суманд шилжиж ирээд хагас жил болж байна.

Эхнэр: - Би саяхан төрсөн. Охин минь одоо 8 сартай юм л даа. Мэргэжлийнхээ хүрээнд олон хүнд эрүүл амьдралын хэв маягийг зааж зөвлөж, зөв зохистой хооллолт, шим тэжээлийн талаар хичээл ордог.  Гэтэл жирэмсэн байх хугацаандаа Улаанбаатарт амьсгалах цэвэр агаар байхгүйн улмаас охиндоо хүчилтөрөгч өгөхийн тулд байнга хотоос гарах шаардлагатай болсон. Ялангуяа ураг хэвлийд бүрэлдэх үеэс дархлаа нь бүрэн тогтох эхний 3 жилийн хугацаанд хамгийн чухал зүйл нь хүчилтөрөгчтэй агаар байдаг. Үүнийг мэдсээр байж хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хохироохгүйн тулд нөхөртэйгөө ярилцаад шууд л хөдөө нүүх шийдвэр гаргасан. Ямар ч ээж хүн ер нь хүүхдийнхээ төлөө л шийдвэр гаргадаг болов уу.  Хүү маань одоо 4 настай, охин маань 8 сартай.

Зө.мн: - Хөдөө амьдраад мэдээж эхэн үед бэрхшээлтэй зүйлс элбэг байсан биз ээ. Ямар ямар бэрхшээл тулгарч байв, хэрхэн даван туулж байна даа?

Нөхөр : - Хотод амьдрах уу эсвэл хөдөө амьдрах уу гэхээс илүү хүн эрүүл, аз жаргалтай амьдрах нь л чухал болов уу. Мэдээж хаана ч амьдарсан хүний амьдралд асуудал бэрхшээл тулгарна. Гол нь аль өнцгөөс харж, юун дээр төвлөрч байгаа нь чухал . Хөдөө гэдэг нь товчхондоо байгальдаа амьдарна гэсэн үг.  Өнөө цагийн Монголын хөдөө нутгийг хуучин цаг үеийн мэдээллээс хол, дэд бүтэц муу, бүдүүлэг харанхуй хөдөө гэж хэлэхээргүй болсон.  Интернет, харилцаа холбоо, зам тээврийн хөгжил ийм сайхан болсон цаг үед хөдөө нутаг маань харин ч эсрэгээрээ Монгол хүн эрүүл сайхан амьдарч болох нутаг болжээ. Угаасаа дэлхийн хөгжлийн чиг хандлага ч байгальдаа ойртсон, байгалийн хуульд нийцсэн, минималист амьдралын хэв маягийг илүүд үздэг болсон байна.

Эхнэр: - Хөдөө амьдрахын давуу тал ийм их гэдгийг ирж амьдарсан хойноо л мэдлээ.  Хамгийн том давуу тал гэвэл сэтгэл санааны хувьд стрессгүй, тайван байдал. Түгжрэнэ, яарна, утаа униар, чимээ шуугиан гэх зүйлс байхгүй. Хүүхдүүд хүртэл байгальтайгаа ойрхон, цэвэр агаарт аюулгүй өснө. Хүү маань суманд ирснээс хойш хашаандаа өдөржин тоглоод бие нь чийрэгжиж, илт дархлаа нь сайжирсан. Мөн амьжиргааны зардал тун бага. Чанартай, баталгаатай, органик ногоо, мах, сүү цагаан идээг хямд үнээр нутгийн хүмүүсээс л худалдаад авчихна. Олдоц ч их юм. Хүмүүс нь хүртэл тайван, яарсан адгасан зүйлгүй зэрэг нь үнэхээр сайхан.

Зө.мн: - Зарим үед хот руу буцья гэх ч юмуу, ирээдүйд хотдоо очиж амьдрах санаа бий юу?

Нөхөр: - Үнэнийг хэлэхэд Улаанбаатар хотод эргэж очиж амьдрах хүсэл үнэхээр алгаа. Хүн амын нягтралтай холбоотой утаагаар халхавчлагдсан өөр олон асуудлууд Улаанбаатар хотод байна. Хөрсний болон агаарын бохирдол, сэтгэл санааны болоод бие махбодийн хүнд өвчнүүд, гадаад улс орны тагнуулын болон бизнесийн байгууллагуудын хүн амд чиглэсэн зохиомол тоглолтууд, мэдээллийн хэрэгсэл дээр тулгуурласан тархи угаалтууд гэх мэт асуудлууд байгааг хүмүүс анзаарахгүй байна. Үүний улмаас хотод амьдарч байгаа хүмүүс мөнгөтэй л бол сайхан амьдарна гэсэн ташаа ойлголттой болсон байна. Тухайлбал лизинг, банк гэдэг үг хүн болгоны амны уншлага болжээ. Яагаад Монгол хүн минималист, энгийн амьдралын хэв маягийг сонгож, хуримтлал үүсгэж, зардал өртөг багатай хөдөө нутагт, байгаль цэвэр агаарт амьдарч болохгүй гэж...

Зө.мн: - Дасаж дадсан орчноосоо явж шинэ орчинд амьдрахад мэдээж эхний ээлжинд хоёр биедээ итгэж найдсаны үндсэн дээр шийдэх асуудал шүү дээ. Тэгэхээр та нөхрийнхөө /эхнэрийнхээ/ ямар зан чанарт итгэж, тулгуурлаж ийм шийдвэр гаргасан бэ?

 Нөхөр: Амьдралын жижиг том ямар ч асуудлыг байнга ярилцаж байдаг тул шийдвэр гаргахад хэцүү байгаагүй. Эрүүл амьдралын хэв маягийг судалж, бусдад хуваалцдаг тул байгальд амьдрана гэдэг шийдвэр харин ч сайхан санагдсан.

Эхнэр: Хань минь ямар ч хүнд асуудалд үр хүүхэд, эхнэрээ хамгаалж, халамжилдаг түшигтэй сайхан хүн л дээ. Мөн миний үзэл бодол, саналыг заавал асууна. Эхнэр хүний хувьд ханьдаа л итгэж ихэнх шийдвэрээ гаргадаг.

Зө.мн: - Танай гэр бүл "Хөдөөний айл гуалиг ээж" пэйжийг ажиллуулдаг шүү дээ. Яг ямар тохиолдлын үндсэн дээр энэ пэйжийг ажиллуулах санаа төрсөн бэ?

Эхнэр: - Би анх Олон улсын хоол зүйчээр суралцаж эхлэх үед Монголд эрүүл хооллолтын талаарх үнэн зөв, цэгцтэй мэдээлэл хомс байгааг анзаарсан. Ингээд өөрийн сурсан, бас гэр бүлдээ хэвшүүлж байгаа зүйлсээ бусад ээж нартай хуваалцах зорилгоор 2016 онд Гуалиг ээжүүд нэртэйгээр нээж байсан. Одоо бол гэр бүлээрээ хөтөлдөг болсон.

БАЙНГА СУРАЛЦАЖ, МЭДСЭН ХЭВШҮҮЛСЭН ЗҮЙЛСЭЭ БУСАДТАЙ ХУВААЛЦАХ НЬ ҮНЭХЭЭР ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ

Зө.мн: - Та хоёрын зөвлөгөө, амьдралын туршлагаар хөдөө амьдрахаар зорьж байгаа залуус бий юу?

 

Нөхөр: - Манай пэйжид “Эргэлзээг минь гаргаж, нутагруугаа нүүхэд санаа өгсөнд баярлалаа””Хөдөө нүүж амьдрахаар шийдлээ” гэсэн мессежүүд ихээр ирэх болсон.

Зө.мн: - Эхнэрийн хувьд бүсгүйчүүдэд маш сайхан зөвлөгөөг хүргэдэг шүү дээ. Энэ бүхнийг мэдлэгийг өөртөө хэрхэн яаж суулгадаг вэ?  

Эхнэр: - Миний хувьд гэртээ хүүхдээ харж байх хугацаандаа онлайнаар Стэнфорд, Мунхены их сургуулиудын сургалтанд сууж, Иогийн багш, Хоол зүйч болж  төгссөн. Одоо Naturapathбуюу байгалийн зүйлсээр хүнийг анагаах чиглэлээр мэргэшиж суралцаж байна. Байнга суралцаж, өөрийн мэдсэн хэвшүүлсэн зүйлсээ бусадтай хуваалцах нь намайг үнэхээр жаргалтай болгодог. Хань минь ч намайг энэ тал дээр байнга дэмжиж, урамшуулж, тусладаг. Эмэгтэй хүн хэдийгээр гэртээ хүүхдээ харах нь үүрэг боловч энэ цаг хугацааг зөвөөр ашиглаж, интернетийг ухаалгаар ашиглавал өөрийгөө хүссэнээрээ хөгжүүлэх боломжтой гэдгийг бусаддаа хуваалцахыг хүсдэг.

Зө.мн: - Нөхрийн хувьд хүүхдүүдэд Англи хэл заадаг. Ер нь орон нутагт гадаад хэлний багш хэр эрэлттэй байдаг вэ?

Нөхөр: - Орон нутагт олон жилийн туршлагатай, тогтвор суурьшилтай багш нар байгаа нь сайхан санагдсан. Нэг ангид байх хүүхдийн тоо цөөн, багш нар хүүхдүүдтэй нэг бүрчлэн тулж харьцах боломж их байгаад сургалтын чанар сайн байна. Бид хүүхдүүдийн Англи хэлний ярианы чадварыг хөгжүүлэх талд нь сургууль, сумын захиргаатай хамтран ажиллаж байна.

Зө.мн: - Та хоёрыг үлгэр жишээ сайхан хосууд гэдэгтэй уншигчид маань санал нийлэх байх. Анх танилцаж байсан түүхээсээ хуваалцаач?

Нөхөр: - Бид аль аль нь Англи хэл бие дааж сурсан хүмүүс. Хэл сурах явцдаа танилцаж, харилцан туршлагаа солилцож, бусдад зориулж Англи хэлний ярианы дугуйлан хамтран байгуулж байсан.

Эхнэр: - Энэ явцдаа амьдралыг хүлээж авах, харах өнцөг маань адилхан байсан тул нэгэндээ татагдсан.

Зө.мн: - Залуу хосууддаа гэр бүлийн үнэ цэнийн талаар зөвлөвөл?

Нөхөр: - Бид хоёрын бусаддаа хуваалцах дуртай зөвлөмж бол “Хоорондоо байнга ярилцаж байх хэрэгтэй” Хосууд сайн ярилцаж байгаа үед маргалдаж, зөрчилдөх асуудал байдаггүй юм билээ.

Зө.мн: -  Нэг зүг рүү харж амьдарч ажиллаж яваа хосуудын ирээдүйн зорилго?

Эхнэр: - Манай гэр бүлийн хувьд Монгол хүн хөдөө орон нутагтаа сайхан амьдарч болно гэдгийг амьдралаараа үлгэрчлэн харуулах, мөн эрүүл амьдралын энгийн аргачлалуудыг бусдад түгээх үндсэн 2 зорилготой ирсэн.Үүнийгээ ч хийж яваа. Цаашлаад интернэт гэдэг сайхан зүйлийг ашиглан Монгол орныхоо өв соёл, сайн сайхан зүйлсийг дэлхийд сурталчлан харуулах,  Монгол хүн бүр Монгол хүн болж төрснөөрөө бахархан амьдрах үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулна гэж боддог.

Зө.мн: -  Хаана ч сайхан амьдарч болох 3 зөвлөмжийг өгөөч?

Нөхөр: - Өөрөө өөрийнхөө хамгийн сайн найз нь бай. Өөрийгөө урамшуулж магт, өөрийгөө хөгжүүл, өөрийгөө хайрла.

Эхнэр: - Дэлхийн хэл болсон Англи хэлийг эзэмш.  Хүсэл мөрөөдлөө хэзээ ч битгий орхи.

Зө.мн: -  Дэлгэрэнгүй сайхан ярилцсан та хоёртоо баярлалаа. Гэр бүлд аз жаргал сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

Таны сурталчилгаа