Олны танил эрхмүүд шил дараалан хууль зөрчсөн үндэслэлээр хууль хяналтын байгууллагуудын хараанд өртсөөр байна.
Энэ удаад Өнөөдөр сонин 2019.12.13 буюу өнөөдрийн дугаартаа Кекүшюүзан Д. Батбаяр болон түүний эхнэр,дуучин Т. Баясгалан нартай холбоотой нэгэн баримтыг дурьдсан байна.
УГ БАРИМТАД:
“Тэд өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр шалгуулж буй аж.
Кёкүшюүзан Д.Батбаярын хамаарал бүхий хүмүүс буюу түүний төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га, Д.Аззаяа нь “Ногоон хана” компаниараа Чулуутын аманд найман га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр мөн аманд таван га, Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-ийг 2013 оны сүүлчээр байгуулаад хэдхэн сарын дараа Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авсан юм байна. Ингэхдээ тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны дөрөв, ес, арваннэгдүгээр сарын тушаалууд, БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын эрх бүхий албан тушаалтнуудад ахмадын амралт, сувиллын цогцолбор барина хэмээн төсөл танилцуулж байсан аж. Гэвч өдгөө орон сууцны хорооллууд барьчихаад буй” гэжээ.