Тун удахгүй Шинэ жил, Цагаан сар гээд баярууд цуварна.Энэ үеэр сүлжээ дэлгүүрүүд болон хүнсний дэлгүүрүүд хугацаа нь дууссан, шаардлага хангахгүй чанаргүй ундаа, чипс, чихэр, печень зэрэг бүтээгдэхүүнийг хүүхдийн бэлгэнд савлан худалдаалдаг. Мөн ресторан, хоолны газруудаар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орох, халдварт өвчин тусах зэрэг асуудлууд удаа дараа гарч байгаа.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "Олон улсын болон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж газруудад хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын явцад дараах зөрчлүүд илэрчээ:
- Хүнсний чиглэлийн дотоодын хяналтыг хангалтгүй хэрэгжүүлдэг
-Хугацаа нь дууссан ундаа, шоколад, набор, печень, чипс, бохь, чихэр, согтууруулах ундаа худалдаалсан
-Зориулалтын стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлгүй
-Хугацаа нь дууссан хиам, зайдсыг хүнсний худалдааны сүлжээнээс буцаан аваад нохой, гахайн хоолны зориулалтаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гар дээр худалдаалдаг. Гэтэл үүнийг нь иргэд цааш нь жижиг хүнсний дэлгүүрүүдэд худалдаалж байна.
-Хүнсний бүтээгдэхүүн жижиглэн савлаж, задалж худалдаалахдаа хаяг шошго хийгээгүй, шошгын мэдээлэл дутуу бичсэн.
-Ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй
-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шинжилгээ баталгаажилгүй, гарал үүсэл нь тодорхойгүй
-Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгын мэдээллийг хуульд заасан хэл дээр бичигдээгүй, дагалдах шошгын мэдээлэл бүрэн бус зэрэг
Хүнсний сүлжээнд үйл ажиллагаа эрхлэгчид болон худалдан авагчид доорх зүйлд анхаарна уу:
1. Хүүхдийн бэлгийг сонгон авахдаа гарал , үүсэл баталгаажилт, хаяг шошго, хадгалалтын хугацаа, сав боодлын бүрэн байдлыг шалган ав, сонголтоо зөв хийх
2. Бялуу, бялуун төрлийн бүтээгдэхүүнийг сонгон авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалтын нөхцөлийг онцгой анхаарч худалдан авалт хийх
3. Гудамж талбайд ил задгай болон суудлын автомашин дээрээс гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, хоол хүнснээс шалтгаалах, хордлого, халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх
4. Ресторан, хоолны газрын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд дотоодын хяналтыг чангатгах, үйл ажиллагаандаа эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг мөрдүүлэх, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан баталгаатай хүнсний түүхий эд хэрэглэх ёстой.
Доорх зурган дээрх бүтээгдэхүүн нь хадгалах хугацаа дууссан, сав боодол асуудалтай, гарал үүсэл тодорхойгүй, шошго бүрэн бус, барааны мэдээлэл үнэн зөв тусгагдаагүй бүтээгдэхүүнүүд юм.