СУИС-ийн багш, оюутны судалгаанд суурилж бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжгийг 2019 оны 12-р сарын 12-ны өдөр Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд, ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганы үеэр, дэлхийн 193 орны зочид төлөөлөгчид бүхий дэлхийн тайзнаа 1000 гаруй үзэгчдийн өмнө зогсолтгүй алга ташилтын дор маш амжилттай толилуулжээ.
“Хөмөргөн гурвалжин” бүжиг нь 2015 онд СУИС-ийн багш, оюутны судалгаанд суурилж бүтээсэн этно бүжгэн жүжиг юм. “Ардын урлаг, бүжиг судлалын профессорын баг”-ийн ахлагч, тэргүүлэх профессор С.Дулам Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь хүрлийн үеийн дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дагуулан сийлсэн “32 хүнт” хэмээх хадны зургийн нэгэн мөчлөгийг эртний харын хартай бөөг оршуулах зан үйлийн бүжиг хэмээн тайлан тайлбарлаж, цомнолыг бичин, МУГЖ Д.Энхгэрэл найруулан дэглэжээ.
Харин хөгжмийг Д.Ариунболд бичиж, зураач Б.Нямхүү тайзны заслыг хийж, Б.Нандин-Эрдэнэ нар медиа дүрслэлийг амилуулж, СУИС-ийн бүжгийн сургуулийн оюутнууд дүрийг бүтээсэн бүжгэн жүжиг юм. Уг бүжгэн жүжиг эртний зан заншлыг археологийн дурсгал, угсаатны зүйн эх хэрэглэхүүнээс олж тогтоосноо бүжгийн урлагийн орчин цагийн контент болгон хувиргасан инновацын чанартай бүтээл юм.