Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 486 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 327 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас 14 хүн бэртэж, орон нутгийн замд хоёр хүний амь хохирчээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 7-ны 15.30 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг “Зүүн балган” гэх газар шороон замд "Dayun" загварын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 60 настай эрэгтэйн амь хохирсон.
Мөн тухайн өдрийн 17.30 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутаг “Цав хангай” гэх газар засмал замд "Toyota LandCruiser-200" загварын автомашин онхолдож, зорчигч 46настай эмэгтэйн амь хохирч, 53 настай эрэгтэй, 8-70 насны гурван эмэгтэй, жолооч 44 настай эрэгтэй нарын таван хүн гэмтсэн хэргийг шалгаж байна.