Томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ-д хүсэлт тавьсны дагуу 5,000 хайрцаг Осельтамивир эмийг хүлээн авч өвчлөл өндөр байгаа нийслэлийн дүүргүүдийн хүүхдийн эмнэлэг, амаржих газрууд, ЭХЭМҮТ, ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/555 дугаар тушаалаар хуваарилсныг өнөөдөр хүлээлгэн өглөө .
Осельтамивир эмийг анх манай улсад 2009 онд томуугийн А хүрээний H1N1 вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Уг эм нь ДЭМБ-ын Зайлшгүй шаардлагатай эмийн 20 дахь загвар жагсаалт болон манай улсын Зайлшгүй шаардлагатай эмийн 8 дахь жагсаалтад орсон, томуу, томуу төст өвчний эмнэлзүйн удирдамжид заагдсан вирусийн эсрэг үйлчилгээтэй эм юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар манай улсад дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажилладаг бөгөөд Осельтамивир эмийг хуваарилснаар томуу, томуу төст өвчний үед тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.