Нийслэлийн авто замын түгжрэлийг нэмэгдүүлж буй нэг шалтгаанд төрийн захиргааны барилга, байгууламж нь хотын төвд төвлөрсөнтэй холбоотой гэж мэргэжлийнхэн ярьдаг. Төрийн байгууллага, хотын захиргааны байгууллагаар үйлчлүүлж буй иргэд авто машины зогсоол хангалтгүйгээс ойр орчмын замд түгжрэл үүсдэг. Зарим иргэн зогсоол олдохгүй гэх шалтгаанаар авто машинаа хаана ч хамаагүй тавьснаас болж машинаа ачуулах зэрэг олон асуудал үүсдэг. Энэ мэт олон асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн захиргааны байгууллагуудыг хотын төвөөс гаргах саналыг хотын дарга асан Э.Бат-Үүл болон С.Батболд нар гаргаж байсан.
Эргэн сануулбал, Нийслэлийн 31 дэх дарга буюу 2012-2016 онд ажиллаж байсан Хотын дарга асан Э.Бат-Үүл Нийслэлийн төр захиргааны төв байрыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Ханын материалд барих шийдвэрийг 2016 онд гаргаж барилгын шавыг тавьсан бөгөөд 132 сая ам.долларын концессын гэрээг Унгар компанитай гэрээ байгуулж байсан ч төсөл цааш үргэлжлээгүй.
Дараа нь 2016-2018 онд ажиллаж байсан хотын дарга асан С.Батболд Нийслэлийн төр захиргааны байгууллагыг Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр буюу Яармаг руу нүүлгэн шилжүүлэхээр болж, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоолыг 2018 онд гарсан. Тогтоолын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Нийслэлийн төр захиргааны байгууллагыг нүүлгэх эхний загварыг танилцуулсан бөгөөд нийт 5.0 га хэмжээтэй талбайн 0.9 га газрыг барилгажуулах бөгөөд захиргааны нийт таван блок барилга барихаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар төлөвлөсөн барилгууд бүрэн баригдаж, дотоод заслын ажил эхэлсэн байгаа.
Эдгээр барилгад Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, НИТХ-ын байр, хурлын заал, үйлчилгээний нэгдсэн төв, спорт танхим, харъяа агентлагууд байрлахаар төлөвлөжээ. Энэхүү шийдвэр гарахад хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн байр сууриа илэрхийлээд амжсан. Тэрээр “Сонгинохайрхан дүүргийн Ханын Материалд байгуулах гэж байсан хотын захиргааг Нүхтийн ам руу буюу Яармаг орчимд нүүлгэх гэж байгаа нь зориуд тэр газрыг үнэтэй болгох гэж хийгээд байна. Дарга нар нь арын хаалгаар баахан газар авчихсан. Тэнд нь дарга нар орон сууц барина. Нүхтийн аманд баахан арын хаалгатай улсууд газар авчихсан байгаа. Тэрэн дээр баригдах орон сууцыг заруулах гэж л хотын захиргааг нүүлгэх гэж байна” гэсэн юм.
Харин шийдвэр гаргагч хотын дарга асан С.Батболд хариу тайлбартаа “Яармагийг бизнес санхүүгийн төв болгон хөгжүүлнэ. Учир нь, тухайн газар нь хөгжих бололцоотой дэд бүтэц, шинэ нисэхийн хурдны зам орсон, Яармагийн гүүр шинээр баригдаж байгаа зэрэг боломжууд ихтэй.
Хотын захиргааг “Ханын материал” руу нүүлгэхээр барилгыг 132 сая долларын концессын гэрээгээр Унгарын компаниар бариулах ажил яригдаж байсан. Концессын гэрээ нь хүчингүй болсон. Баянхошуу дэд төвийг хөгжүүлнэ. Хотын захиргааг барихаар төлөвлөсөн байсан газарт орлогод нийцсэн орон сууц барихаар НОСК ажиллаж байна. Энэ жил тус дэд төвийн дэд бүтцэд гурван тэрбум төгрөгийг гаргаад Ханын Материалын эцэс Баянхошуу орчмыг орон сууцны хороолол болгоно. Нүүх дуртайдаа эсвэл шинэ байранд орох гээд байгаадаа биш хот өөрөө үлгэрлэж хотын төвөөс нүүж болдог юм байна, захиргааны байгууллага нь гарч болдог юм байна гэдгийг төрийн захиргааны байгууллагууд болон бусад газруудад харуулахыг зорьж байгаа юм” хэмээн өгүүлсэн юм.
Бие биенийхээ хийж байсан ажлыг үгүйсгэн, хүчингүй болгож шийдвэрүүдийг цуцалж байгаад бухимдсан хотын дарга асан Э.Бат-үүл болон С.Батболд нарын эсэргүүцэл өндөрлөхөд одоогийн хотын дарга С.Амарсайханы шийдвэр нөлөөллөө. Учир нь тэрээр “Хотын захиргааны шинэ байр баригдаж байгаа. Гэхдээ хотын захиргаа Яармаг руу нүүснээр түгжрэл буурна гэвэл худлаа. Ямар ч нөлөөлөл байхгүй. Миний хувьд тэр байрыг залуучуудад зориулсан шинжлэх ухаан, технологи, танин мэдэхүйн, инженер техникийн чиглэлийн төв болгох нь зүйтэй гэж үзсэн. Энэ саналаа Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулсан боловч бүрэн дэмжигдээгүй. Тиймээс нэг хэсгийг нь хотын захиргаа, нөгөө хэсгийг нь залуучуудад зориулсан хөгжлийн төв болгохоор төлөвлөж байгаа. Технологи хурдтай хөгжиж байгаа энэ цаг үед бид технологийг гар утасны хэрэглээ төдийхнөөр харж болохгүй. Тиймээс хотын 65 хувийг эзэлж буй 35-аас доош насны залууст зориулсан хөгжлийн төвтэй байх нь зөв гэж үзсэн” гэв.
Яармагт баригдаж буй хотын захиргааны барилга нь А, В, С гэсэн гурван блокоос бүрдэх нийт 68.000 м.кв талбай бүхий барилга бөгөөд нийтдээ 97 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр босч байгаа аж. Татвар төлөгчдийн мөнгөөр баригдаж буй тус барилгын зориулалт, ашиглалтыг нийслэлийн иргэдэд чиглэсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэдгийг хотын дарга онцгойлон дурдаж байсан юм.
Түүний шийдвэр олон хүний гайхшралыг төрүүлж нүүх хэрэгтэй эсэхийг бодоход хүргэсэн нь дамжиггүй.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Нийслэлд төрийн албан хаагчдын байрнаас илүүтэй тулгамдсан, шийдлээ хүлээсэн олон асуудал байхад төрийн албан хаагчид шинэ байранд орох нь хэр зохимжтой вэ” гэсэн байр суурь илэрхийлсэн. Нэг талаараа түүний ч зөв байхыг үгүйсгэхгүй. Монгол Улсын тал хувь нь залуучууд байгаа учир тэдний хөгжил, ажлын байр, мэргэжил сонголт гэх мэт амьдрал хөлөө олж, амжилттай ажилж, суралцахад туслах иновацын төв байх нь манай улсын ирээдүйд дэм болохуйц л санаачилга.
Гэхдээ энэхүү санаачилга хурал цуглаанд дурдагдсан ч инновацийн төвд ямар, ямар байгууллага байх, залуучууд хөгжихөд чиглэсэн үйл ажиллагааг хэрхэн явуулах тухай дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй бөгөөд хэлэлцэх хугацаа нь болоогүй байгаа аж.