Цаг үеийн мэдээ

Дэлхий нийтээр тархаад байгаа коронавирусийн цаг үеийн асуудлаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. “Covid 19”-ийн тархалт шинээр 6 оронд бүртгэгдэж, нийт 105 улсад халдвар тархсан байна. Шинэ тохиолдол бүрийн 60 гаруй хувь нь өвчлөл гарсан улс оронд аялсанаас үүдэлтэй гэж холбогдох албаныхан үзэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 105586 хүн халдвар авч, нас баралт 3584 болж өссөн байна. ДЭМБ-аас вирусийн үед хэрэглэх нэн шаардлагатай 20 гаруй төрлийн эмнэлгийн төхөөрөмжийн жагсаалт гаргаж, энэ дагуу манай улсын ЭМЯ тоног төхөөрөмжийн худалдан авалт хийж байгааг ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа мэдээллээ. Мөн манай улсад зөвлөгөө өгч ажиллахаар ирсэн ДЭМБ-ын баг өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Тусгаарлагдах байранд байгаа иргэд зөрчил гаргавал хариуцлага тооцох заалтыг УОК өчигдөр буюу 2020.03.08-ний хуралдаанаар шийдвэрлэсэн тухай энэ үеэр танилцууллаа. Өнөөдрийн байдлаар “Берлин-Москва-Улаанбаатар” чиглэлийн онгоцноос 2, “Москва-Улаанбаатар” чиглэлээс 6 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, сэжигтэй гэж үзсэн нийт 500 иргэнийг тусгаарласан тухай Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:“Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д 1, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 1 иргэн тусгаарлагдаж байгаа. АНУ-ын Лас Вегас хот руу зорчсон “Remax компанийн ажилчдыг энэ сарын 7-ны өдөр тусгаарлан, шинжилгээ авахад халдвар илрээгүй. Хэдий вирус илрээгүй ч, голомтын бүс нутгаас ирсэн учир үргэлжлүүлэн тусгаарлана” гэлээ.

Ө.Анхилам

 

Таны сурталчилгаа