Ханиад буюу амьсгалын замын цочмог халдвар нь хүйтэн сэрүүний улиралд элбэг тохиолддог учраас хүүхдийн өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болсоор байгаа өвчин юм. Өвлийн улиралд ханиад томуу ихэсч, хүндэрдэг нь нэлээд хэд хэдэн шалтгаантай. Хүйтэн сэрүүний үед тодорхой вирусийн идэвхжил нэмэгддэг. Цаг агаар тогтворгүй болж, хүүхдүүд даарах халууцах зэргээс халуун хүйтэн харших нөхцөл бүрдэнэ. Мөн хүмүүсийн бөөгнөрөл, хөдөлгөөн их болох, олон нийтийн газар бага насны хүүхдээ авч явснаас болж амьсгалын замын өвчнөөр өвчилж байна. Дотоод орчны цэвэрлэгээ, үйлчилгээ чийгшилт хангалтгүй байх. Хүмүүсийн ил задгай хаясан нус, шүлс, цэр болон хүн болон амьтдын өтгөн шингэний ялгадасны нян вирус хуурай агаарт дэгдэж, хүний амьсгалын замаар нэвтэрч өвчлүүлдэг. Хоол хүнсэнд тэжээллэг шимт бодис багасах, шингэн хангалттай уухгүй байх зэрэг шалтгаанаас болж өвчилдөг.
-Сүүлийн үед антибиотикт тэсвэртэй бактериар үүсгэгдсэн томуу, томуу төст халдвар нь хоёрдогч бактериар хүндрэх нь нэмэгдсэн. Энэхүү ханиад эмээр дарагдах нь бага. Мөн ханиалгах, халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгээр илрэх нь элбэг байгаа. Энэ жил хүүхэд, том хүн ялгаагүй намдахгүй, удаан хугацаагаар ханиалгаж байна. Дээрээс нь харшилтай хавсраад 14-30 хоног болон түүнээс дээш хугацаагаар ханиалгах боллоо. Эмчилгээ хийлгээд эдгэдэг ч ханиад дахих магадлал их байна. Сүүлийн үед ханиад нь суулгалттай хавсрах болсон. Энэ жилийн бас нэг онцлог нь хүүхэд, том хүн гэлтгүй хатиг маш их гарч байна. Мөн вирусийн гаралтай ханиад элбэг байгаа. Вирус бүрийн халдварын үед илрэх шинж тэмдэг өөр өөр байдаг тул ээжүүд олон янзын зовиур илэрч байгаа тухай ярьдаг. Гэхдээ ханиад нь өөр, өөр шинж тэмдэг илэрч байсан ч вирус гэдэг зүйлээр үүсгэгдсэн тул яаран антибиотик хэрэглэж болохгүй. Ээж аавууд хамгийн сайн эм уулгаад ханиадыг нам дарна гэж бодоод байдаг. Ханиадыг хурдан эдгээхэд эм уулгахаас өөр олон сайн арга бий.
-Харшлын болон вирусийн гаралтай ханиаданд ямар эм уулгаж, хэрхэн эмчлэх вэ?
-Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ эмээр бөмбөгдөөд байдаг. Хүүхдийн дархлааг дэмжих хоол хүнс өгдөггүй, эмнэлгээс эмнэлгийн хооронд явж байгаа нь анзаарагдах боллоо. Өнөөдөр үдийн хойно надад хандсан нэг ээж гэхэд урьд шөнө Баянзүрхийн хүлээн авахад, өглөө өрхийн эмнэлэгт, үдийн хойно манай кабинетад хандаж байх жишээтэй. Нэг өдөр хоёроос гурван байгууллагын хаалга татаж явна. Дүүргийн хүлээн авах ханиад томууны үед өдөрт 200-300 хүүхдийн ачаалалтай ажилладаг. Тэдний зөвлөгөө сэтгэлд нь нийцдэггүй юм уу маргааш нь өрхдөө хандах юм. Харин өрхийн эмнэлэг нь манай руу бичиг хийж явуулдаг. Мөн эмнэлэгт, бидэнд хандахаасаа өмнө эмийн санчаас зөвлөгөө авч, аль хэдийнээ дур мэдэн антибиотикийн сонголт хийчихсэн байдаг. Бүр хоёр гурваар нь давхарлаад уулгаж байх юм. Ингэж эмнэлгээс эмнэлэг рүү дамжиж явахдаа хүүхдийн бие төдий хэмжээгээр муудна гэдгийг эцэг эхчүүд мэддэггүй. Хамраас нь нус гоожиж байсан хүүхэд эмнэлэгт хандаад буцахдаа ханиад аваад явна. Эмнэлэгт үзүүлэхээр ирэхдээ хүүхдийнхээ хамарт вирусээс сэргийлэх оксолин түрхсэн, маск зүүлгэсэн эцэг эх алга. Энэ талаар бүгд мэддэг ч хэрэгжүүлэхгүй байна. Ханиад томууны цагт эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжих хоол хүнс сонгож, ханиалгах шинж тэмдэг илэрмэгц халуун бүлээн шингэн, цагаан гаатай сүү, зөгийн балтай сүү уулгах хэрэгтэй. Вирусийн гаралтай ханиаданд бол виферон, анаферон зэрэг вирусийн эсрэг лаануудыг хэрэглэж болно. Энэ бүхний дараа хүүхдийн ханиад эдгэхгүй, улам хүндэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд өрхийн эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийж, давтан үзлэгээ хийлгэсний дараа тухайн эмч хоёрдугаар шатлалын эмнэлэгт хандах бичиг өгдөг. Гэтэл энэ дарааллыг алгасаж, өрхийн эмнэлгийг тоохгүй шууд түргэн тусламж дуудах эсвэл хоёрдугаар шатлалын эмнэлэгт хандах нь ачаалал нэмэгдүүлэх сөрөг талтай байдаг.
-Ханиадыг эдгээхэд эм уулгахаас өөр ямар үр дүнтэй арга байдаг вэ?
-Маш олон арга бий. Нэгд, орчноо чийгшүүлэх. Чийгшүүлэхийн тулд том амсартай саванд ус хийж тавих, чийгтэй алчуур дэлгэх, шалаа өдөрт хоёроос доошгүй удаа халуун усанд базсан даавуугаар арчих агаар чийгшүүлэгч ажиллуулах нь өвчин хурдан эдгэрэхэд тустай. Хоёрт, хүүхдийн хувцсыг сайтар тохируулж өмсгөх. Хүүхдээ ханиадтай халуураад байна гээд хэтэрхий бэгнээд байдаг. Гэтэл халууцсан хүүхдүүд хүйтэн ус уух, хөлөрсөн байж байгаад салхинд цохиулж өвчнөө хүндрүүлчихдэг. Тиймээс хүүхдийн хувцас орчиндоо тохирсон даархааргүй хэрнээ халууцхааргүй агаар хөлс сайн нэвтрэх даавуун материалаар хийгдсэн байх шаардлагатай. Гуравт, гэртээ агаар оруулах. Хүүхдээ өвдөхөөр эцэг эхчүүд цонхоо хаагаад агаарын солилцоогүй битүү орчинд хүүхдийг байлгадаг. Хүүхдэд хүчилтөрөгч дутагдаж, бохир нян вирустэй агаараар байнга амьсгалах нь дахин вирусийн халдвар авах, хүндрэх аюултай тул агаарын солилцоог цаг агаартай зохицуулан хоёр цаг тутам хийж байх нь ханиадыг хурдан эдгээхэд тустай байдаг. Дөрөвт, өвчтэй хүүхдэд ус, шингэн хярам, байхуу цай, шингэрүүлсэн жимсний шүүсийг хангалттай сайн уулгаж байвал өвчин шаналгааг багасгах, халууныг хурдан буулгах, хордлогод оруулахгүй байх сайн талтай. Тавд, шимт бодисоор баялаг, витаминлаг, тэжээллэг хоолоор хооллох нь өвчтэй хүүхэд хурдан эдгэрэхэд тустай байдаг. Эдгээр аргуудыг эцэг эхчүүд мэддэг ч төдийлөн хэрэгжүүлдэггүй. Дээрх таван зүйлийг баримтлаад, дээрээс нь хүүхдэдээ тохирсон хөдөлгөөн хийж байвал өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн үед хурдан эдгэрэх дээрх аргуудыг амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй.
-Өвлийн цагт ямар хоол хүнс хэрэглэж дархлаагаа сайн дэмжих вэ?
-Дархлаагаа сайжруулж, ханиаднаас салъя гэвэл шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Өдөрт хүүхэд 1.5 литр, том хүн 2.5-3 литр шингэн заавал уух ёстой байдаг. Хүний биед бактери орсон ч шингэнээр хөөгдөж гарах, эмчилгээ хурдан авахад дэмтэй байдаг. Монголчууд эх орныхоо цаг уурт зохицсон уламжлалт хоол хүнстэй ард түмэн. Өвлийн цагт шимт бодисоор баялаг, витаминлаг хүнс болох өндөг, мах, дүпү, шар тос, гурвалжин будаа, шар будаа, хөц будаа, бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан төмс, лууван зэрэг хүнсний ногоо, аньс, нэрс, чацаргана зэргийг тохируулан хэрэглэх хэрэгтэй. Ингэж байж өөрийн болон үр хүүхэд, эцэг эх өндөр настныхаа, гэр бүлийнхнийхээ дархлааг дэмжинэ.