Шинэ жилийн баяраар эцэг эхчүүд томчууд хүүхэд багачуудад чихэр болон чихэрлэг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр агуулсан ууттай бэлэг өгдөг. Тэгвэл их хэмжээний чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнийг нэг дор хэрэглэх нь хүүхдэд шүдний өвчлөл, бусад халдварт бус өвчлөл үүсэх, шим тэжээлийн дутагдалд орох нөхцөл болдог байна.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоёр хүртэлх насны хүүхдэд сахар өгөх шаардлагагүй байдгийг зөвлөсөн байдаг .
-Харин 2-3 хүртэлх насны хүүхэд өдөрт дээд тал нь 12-13 гр сахар хэрэглэх нь зохистой гэж зөвлөдөг байна. Тэгвэл 4-6 насны хүүхэд өдөрт дээд тал нь 17 гр сахар хэрэглэх нь зохистой бол
-7-с дээш 18 хүртэлх насны хүүхэд өдөрт 23-25 гр сахар хэрэглэх нь зохистой гэж үздэг байна.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрсэн хүн өдөрт 25-30 гр сахар хэрэглэх нь зохистой гэж зөвлөсөн байдаг. Энэ нь 6 ширхэг цайны халбагатай тэнцэх хэмжээ байна.
Хүний сахрын хэрэглээ ихдэх нь биед илүүдэл илчлэгийг бий болгож өөх тос болж биед хуримтлагддаг байна. Мөн сахрын хэрэглээ ихдэх нь бүх төрлийн халдварт бус өвчин үүсэх нөхцөл болдог байна. Ууттай бэлгэн дэх чихэр жимс ундаа нь хүүхдийн хэрэглэх ёстой сахрын хэмжээнээс хэд дахин их байгаад зогсохгүй нэг дор идэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж шим тэжээлийн дуталд орох нөхцөл болдог байна.
Томчууд ихэвчлэн бага насны хүүхдэд чихэр болон чихэрлэг бүтээгдэхүүн агуулсан ундаа, шүүс, чихэр, амттан бүхий ууттай бэлгийг баярын бэлэг болгож өгдөг. Энэ нь бага насны хүүхэд чихрийг зохисгүй хэрэглэх шалтгаан болж байна. Ууттай бэлгэн дэх чихэр амттан чихэрлэг бүтээгдэхүүний сахрыг тооцоход дунджаар нэг бүтээгдэхүүн 10-30 грамм сахар агуулж байсан юм.
Тухайлбал шоколадтай шагшуур 22 грамм, самартай шоколад 25 грамм, шоколадтай үрлэн чихэр 24 грамм, ууттай хатуу чихэр 30 грамм, үзэмтэй шоколад 58 грамм, шүүс 9 грамм, чихэртэй гаа 15 грамм, чокопай 40 грамм сахар агуулж байсан юм. Харьцангуй цөөн 8 төрлийн чихэр болон, чихэрлэг бүтээгдэхүүн шүүс агуулсан бэлэгт 215 грамм сахар буюу хүүхдийн өдөрт хэрэглэх сахрын хэмжээнээс 10 дахин их байгаа юм. Тэгвэл олон төрлийн чихэр болон чихэрлэг бүтээгдэхүүн, сахар их хэмжээгээр агуулсан ундаа шүүс бүхий бэлэгт үүнээс их хэмжээгээр сахар агуулагддаг байгаа юм.