Олимпын өмнөх 2019 оны хамгийн сүүлийн сонгомол барилдаан, чөлөөт бөхийн олон улсын тэмцээн нь Багийн ДАШТ юм.
Энэ жилийн тэмцээн Ираны Боджнурд хотод 17-20-нд явагдана. Дэлхийн шилдэг баг 15 мянган ам.долларын шагнал хүртэх бол мөнгөн медаль 10 мянга, хүрэл медаль таван мянган ам.долларын шагналтай.
Багийн ДАШТ Иранд тав дахь удаагаа явагдах гэж байгаа нь энэ. Иранд болсон бүх тэмцээнд нутгийн эзэд түрүүлж байсан билээ. Харин 2017 онд Украины Харьков хотод болсон тэмцээнд Америкийн “Титан Меркьюри” тэргүүлж байв.
Багийн ДАШТ-ий өнгөрсөн жилийн аварга Ираны “Биме Рази” баг энэ жил “Иран Молл” гэсэн шинэ нэрээр оролцоно. Тус баг Ираны лигт итгэл төгс тэргүүлж, Багийн ДАШТ-ий гол фаворит гэгдэж байгаа. Тэмцээнд мөн Ираны лигийн мөнгө, хүрэл медальт “Атрак”, “Азад” багууд оролцоно. Тэдэнтэй Азербайжан, Гүрж, Хятад, Киргизийн баг өрсөлдөх юм.
Багууд хоёр гадаад бөх мэдүүлэх эрхтэй. “Иран Молл” Азербайжаны Гажи Алиев, Жабраил Гасанов нарыг сонгосон бол “Атрак”-т Гүржийн Беки Бужиашвили, Тариел Гаприндашвили нар барилдана.
Өнгөрсөн сарын 28-29-нд Иранд болох байсан сонгомол барилдааны Дэлхийн Цомын тэмцээнийг Иранд улс төрийн байдал хурцадсанаас хойшлуулсан билээ. Харин одоо байдал намжсан гэж Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо үзсэн байна.