Уушгины хавдар ямар хүчин зүйлээс үүсдэг, мөн хэрхэн сэргийлэх ёстой талаар Хавдар Судлалын Үндэсний Төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Ганзоригтой ярилцлаа.
Зө.мн: - Уушгины хавдар үүсэх анхны шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?
Ц.Г: - Уушгины хавдар нь өндөр хөгжилтэй орнуудад өргөн тархсан өвчлөл өндөртэй, нас баралтаараа тэргүүлдэг хүнд өвчин. Манай улсын хэмжээнд сүүлийн үед тогтвортой нэмэгдэж байгаа. Ойрын хугацаанд өвчлөл маш өндөр болох байх гэсэн магадлалтай байна. Уушгины хавдрын илрэх шинж тэмдэг нь амьсгалын замын өвчний шинж тэмдгүүдтэй ойролцоо. Ханиалгах, цэр гарах, цээжээр өвдөх, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Харин хожуу үе шатандаа орвол ядрах, турах, их хүчтэй өвдөлт мэдрэх, их хэмжээний цус гарах зэргээр илэрдэг.
Зө.мн: - Энэ өвчлөл Монгол улсад нэмэгдэж байгаа шалтгааныг агаарын бохирдол, тамхины хэрэглээтэй холбож үзэж болох уу?
Ц.Г: - Уушгины хавдар үүсгэдэг үндсэн дөрвөн нөлөөлөх хүчин зүйл байдаг. Үүнээс хамгийн тэргүүнд нь тамхи ордог. Жишээ нь 100 хавдартай хүн байхад 90 нь тамхи татдаг хүмүүс байдаг. Дараагийн хүчин зүйл нь агаарын бохирдол. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд хүний амьсгалын эрхтэнд ноцтойгоор нөлөөлж байгаа учраас агаарын бохирдлыг хоёрдугаар зүйлд авч үзэж байгаа. Гуравдугаарт уушгины архаг үрэвсэл, харшил зэрэг өвчнөөр удаан өвдөж байгаа хүн өртдөг. Мөн тоос шороотой орчинд буюу барилга, уул уурхай, замын цагдаа зэрэг байнгын утаа тоостой нөхцөлд ажил хийдэг хүн өвчилж байна. 1950-аад оноос эхлэн тамхийг хүмүүс эрчимтэй хэрэглэж эхэлснээр уушгины өвчлөл маш их нэмэгдсэн. Үүнд эрүүл мэндийн байгууллага судалгаа хийж, баталсан байдаг.
Зө.мн: - Тамхины утаанд хэвийн эсийг хорт эс болгон өөрчилдөг зүйл байдаг. Энэ нь хорт хавдар үүсгэх гол бодис мөн үү?
Ц.Г: - Кантраген гэсэн бүлэг нэртэй хорт хавдар үүсгэгч бодис бий. Эдгээр нь амьсгалын замыг байнга гэмтээснээр хавдар үүсгэх шалтгаан болдог.
Зө.мн: - Дам тамхидалтад өртөж буй хүмүүст нөлөөлөх хор уршиг юу вэ?
Ц.Г: - Тамхи татаж байгаа хүний хажууд байгаа хүн татаж байгаа хүнтэйгээ яг адилхан уушгины хавдраар өвчилдөг гэдгийг нотолсон. Өөрийгөө хавдартай болохыг мэдсээр байж татах, хажуу дэргэдэх хүүхэд, энгийн хүмүүсийг хордуулах нь маш уршигтай. Тамхи татдаг хүний хажууд байснаар өөрөө татаагүй ч, татсан мэт үйлчилдэг.
Зө.мн: - Уушигны хавдраас урьдчилан сэргийлэх ямар аргууд байдаг вэ?
Ц.Г: - Хавдраас урьдчилан сэргийлж байгаа байдлыг гурван төрөлд авч үздэг. Анхдагч урьдчилан сэргийлэгч гэдэг нь хавдар үүсэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдээс сэргийлэх. Тиймээс тамхи тэргүүлэх шалтгаан учраас тамхи татахаа болих хэрэгтэй. Эсвэл тамхитай орчинд байхгүй байх зэргээр өөрийгөө урьдчлан сэргийлэх боломжтой. Энэ бол хувь хүнээс шууд хамааралтай асуудал. Хоёр дахь шалтгаан нь утааны асуудал. Гуравдагч хүчин зүйл нь эмнэлгийн байгууллагын үйлчилгээ. Энэ нь хавдрын эрт илрүүлэг хийх ажил. Архаг хууч өвчнийг эрүүл мэндийн байгууллага цаг тухайд нь илрүүлнэ гэсэн үг. Дараагийнх нь хөдөлмөрийн аюулгүй байдал болон ажилчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс тоос шороотой орчинд ажилладаг бол маскны хангалтыг сайжруулах хэрэгтэй.
Зө.мн: - Эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрэх үед эмчид хандалгүй өөрсдөө дур мэдэн эм уулгадаг. Энэ нь ямар эрсдэлд хүргэх вэ?
Ц.Г: - Дураараа эм хэрэглэж байгаа хүн цаашдаа уушигны хатгаа болж эдгэхгүй явдаг. Энэ нь цаашдаа хатгаа биш хавдар болсон байдаг. Ямар ч өвчнийг мэргэжлийн эмчийн оролцоогүйгээр эмчилнэ гэдэг байж болшгүй зүйл. Эмийн сан ч хүний өвчнийг оношилж, эм өгөх ёсгүй. Үүнээс болж тухайн эмэнд дасал болж цаашлаад эмийн хордлогод орно.
Зө.мн: - Уушгины хавдар нь хэдэн үе шаттай явагддаг вэ? Анхны үе шат дээрээ юуг анхаарах ёстой вэ?
Ц.Г: - Хортой хавдрыг ангиллын хувьд дөрвөн үе шат болгон хуваадаг. Нэг, хоёрдугаар үе шатанд нь илрүүлвэл бүрэн эмчлэгдэх боломжтой. Эмчилгээний сонголт арвин байдаг. Харин гурав, дөрөвдүгээр үедээ маш бага боломжтой болно. Эмчилгээний сонголт багасгана. Үр дүн муу байдаг. Гэвч энэ өвчин нь эрт үедээ шинж тэмдэг нь мэдэгддэггүй талтай. Ихэнх тохиолдолд гурав, дөрөвдүгээр үе шатандаа өвчин нь мэдрэгдэж эхэлдэг. Заавал өвдөхийг нь хүлээлгүйгээр тамхи татдаг, татдаггүй хамаагүй жил бүр эрт илрүүлэгт орж байх хэрэгтэй. Хамгийн эхэнд илрэх шинж нь л ханилгах. Ханиах явцад цустай цэр гарах юм бол заавал эмчид хандан, илрүүлэгт орох шаардлагатай.
Зө.мн: - Эхний үе шат болон эцсийн үе шатанд ямар эмчилгээ хийх вэ? Мэс засал, эмийн эмчилгээ ямар үр дүнтэй байдаг вэ?
Ц.Г: - Хортой хавдрын эмчилгээг төгс болон хөнгөвчлөх гэж авч үздэг. Төгс гэдэг нь хортой хавдрыг бүрэн эмчилнэ. Эхний сонголт бол мэс заслын аргаар хавдрыг тайрах арга. Хавдар жижиг байх тусам тайрах боломж нь илүү байна. Тэгж байж бүрэн төгс эмчлэх боломжтой. Мөн туяа шарлага, даавар эмчилгээ зэргээр эмчилж болно. Шарлага хийлгэх бол гамма туяа гэх аппаратаар хавдрыг өсөлтгүй болгох зэргээр эмчилгээ хийдэг. Хөнгөвч эмчилгээг хорт хавдартай хүнийг зовуурьгүй байлгах үүднээс өвчнийг намдааж зорилгоор хийдэг.
Зө.мн: - Уушгины хорт хавдар нь удамших магадлал бий юу?
Ц.Г: - Хортой хавдрыг удамших магадлалтай гэж үздэг. Шууд удамшлын өвчин биш ч, эцэг эх, эмээ, өвөө нь хавдраар өвчилсөн тохиолдол байдаг бол удамших хандлагатай байдаг. Тиймээс эрт илрүүлэг, үзлэгт хамрагдаж байх ёстой.
Зө.мн: - Ярилцлагынхаа төгсгөлд уншигчиддаа хандаж зөвлөгөө өгөхгүй юу?
Ц.Г: - Уушгины хавдрыг үүсгэгч хамгийн түгээмэл зүйл нь тамхи. Уушгины хавдар бол сэргийлэх бүрэн боломжтой өвчин. Одоо үед охид, эмэгтэйчүүд, залуус маш их тамхи татаж байна. Тиймээс тамхи татахгүй байх, хажуудаа байгаа нэгнээ дам тамхидалтаар битгий хордуулаач ээ гэж уриалмаар байна.
Зочин
2020-10-28
Цээжний зураг аваад хатгалгаа байхгүй зүгээр л гэх юм. Тэгээд байнга цэр гарах юм. Яах ёстой байдаг юм болоо. Дагнасан эмнэлэг гэж байдаг болов уу
Ц.Солонго
2021-03-28
Аав маань байнга цэртэй ханиалгаж цээж нь хөндүүрлэж байна цэр өнгөггүй эмч хэлэхдээ ханиад биш уушиг зүгээр гэхийн яах вэ яавч зүгээр бишээ . хариу
Нараа.
2021-04-23
Цустай цэр гараад бн 3 хоног боллоо ханиалга баиахгүй
Нараа.
2021-04-23
Цустай цэр гараад бн 3 хоног боллоо ханиалга баиахгүй