... Би кофенд дуртай, бас сайхан зүйл хийж бүтээсэн хүний тухай магтан бичих дуртай. Тэр ч утгаараа ЗОРИЛГО хэмээх үрээр найруулж, БҮТЭЭЛЧ ТУУШТАЙ хөдөлмөрөөр сүлж, ХҮН ЧАНАР САЙХАН СЭТГЭЛ амтагдсан кофег уухаар нэгэн гайхалтай кафег зорилоо...
Сайхан энерги хурсан газар хүн цугладаг ёсоор хүүхэд бужигнасан орчин намайг угтан авлаа. Хүүхдүүдийн жаргалтай инээд сонсогдох энэ л газрыг хүүхдүүдэд зориулсан орчин болгон тохижуулжээ. Хаашаа л харна хүүхдүүд, жинхэнэ хүүхдийн оронд ирчихэв үү гэлтэй. Энд ч хүүхдүүд ном уншиж байхад, тэнд ч зарим нь хичээлээ давтан сууцгаана. Энэ шидэт кафед ер нь зүгээр сууж байгаа хүн нэгээхэн ч алга. "Ид шидийн орон -2" төвийн тохижилтын ажил 85 хувьтай байгаа бөгөөд одоо ч мужааны ажил үргэлжилсээр, хүүхдүүдийг ая тухтай орчинд сурч, хөгжүүлэх гэж ах эгч нар нь хичээн зүтгэсээр байгааг харахад нэн таатай.
Миний хувьд кофегоо уух зорилгоо биелүүлэхээр үйлчилгээний тек тийш зүглэсэн ч бариста хүүд "шидэт сүү"-ний захиалгадаа дарагдаж, миний дараалал тэртээ хойно байх аж. Уншигч та бүхэн "шидэт сүү" гэхээр гайхаж байна уу? Тэгвэл учрыг энд тайлья. "Ид шидийн орон -2" төв нь хүүхэд хамгаалал, хөгжлийн үйл ажиллагаа явуулах цэцэрлэгийн гурван анги, сэтгэлзүйчийн танхим, номын сан, хурал уулзалтын танхим, иог бясалгалын өрөөнөөс гадна "Шидэт кафе"-тай юм. Энэ кафе хүүхдүүдэд "ид шидтэй сүү"-ээр үйлчилдэг бөгөөд мэдээж ямарч ид шид үнэ төлбөргүй байдгийг бид мэднэ. Тиймээс энэ кафе хүүхдүүдийн хамгийн дуртай үйлчилгээ болж бариста хүү энэ өдөр шидэт сүүний олон арван захиалгад дарагдаад байгаа нь энэ.
Улиастайн шинэ эцэст байрлах энэ төвийг зорьж бяцхан даарч очсон миний хувьд дарааллыг дайрч кофегоо захиалах эрх байхгүй ээ. Угаасаа бариста хүү тийм давуу эрх олгох шинжгүйгээр хүүхдүүдэд тун найрсаг хүндэтгэлтэй хандах юм билээ. Хичээлээ тараад даарч ядарч орж ирсэн хүүхдүүд ваниль эсвэл зөгийн балтай сүүг сонголтоор захиалж ихэд амтархан уух нь өхөөрдмөөр.
За тэгээд дарааллаа хүлээх зуурт юу гэж дэмий байхав, гар завгүй бариста хүүгийн хэл амыг сугалах шахам байж сонирхсон хэдэн асуултдаа хариу авлаа.
Түүнийг Э.Лхагвасүрэн гэдэг. Тэрээр Ид шидийн орон төслийн сайн дурын ажилтан аж. Тэр үнэхээр уриалгахан. Бас юунд ч тээршаахгүйгээр хүүхдүүдийн асуултад хариулж, бяцхан ховыг нь сонсож, унших номыг нь зөвлөнө. Энэ зууртаа тэрээр тасралтгүй сүүний захиалгаа авч, маш түргэн хугацаанд сүүг халааж, амталж өгөх юм. Мөн насаар бага хүүхдүүдэд халаасан сүүг нь ширээнд нь хүргэж өгнө.
Гарт яг бариулаад халуун сүүг хэрхэн аюулгүй ууж чадаж байгааг харж анзаараад буцаад тек дээрээ ирнэ. Энэ үйлдлийг өдөрт байтугай цаг хором тутамд хэчнээн их давтаж байгааг тоолох арга даанч үгүй. Түүний нүд гялалзаад ядарч байгаа шинж алга. Тэр кафегаар үйлчлүүлж байгаа хүүхдүүд бүгд л түүнийг "ахаа, ахаа" гэцгээн хийсэн даалгавраа үзүүлэх юм. Түүнээс ядарч байгаа эсэхийг нь асуухад тэрээр "Үгүй ээ, юундаа ч ядрах вэ дээ. Хүүхдүүд хөөрхөн шүү дээ, шулганалдаад л, харин ч энерги авна. Ер нь тэгээд ч сайн дурын ажилтан хүний үүрэг их, ухамсар өндөр байх ёстой. Намайг хүн хүчилж энэ ажлыг хийлгээгүй, бид хүүхдүүдийн сайн сайхны төлөө энд ажиллаж байна" хэмээсэн юм.
Зүрх нь бусдын төлөө цохилж, сэтгэл нь хүний жаахан үрсийн төлөө зовниж, гар нь тэдний төлөө ажиллаж байгаа энэ залуугаар би "Лантуун дохио" ТББ-ын залуусын зорилгыг мэдэрч, тэр олон залуусын ажлыг хүндэлж бахархсан.
Уг нь Ид шидийн кафен нэг өдрийн ээлжинд хоёр бариста зэрэг ажилладаг аж. Харин шинэ жилийн баяр дөхөж байгаа энэ өдрүүдэд "Лантуун дохио" ТББ жил бүр зохион байгуулдаг "Ид шидийн уут" аянгаа эхлүүлж хотын алслагдсан дүүргийн эмзэг бүлгийн айлуудаар явж хүүхдүүд баярлуулах ажилдаа шуурхайлан орсон тул Э.Лхагвасүрэн ойрын өдрүүдэд ганцаар ажиллаж байгаа аж. Тэрээр "Ид шидийн уут" аянд явж байгаа найз нарынхаа үйлсээр бахархаж тэднийгээ яриан завсраа магтаж бахархан ярьж байсан. 2015 оноос эхлэсэн уг аянд жил бүр ойролцоогоор 1500 өрхийн 7000 орчим хүүхдүүдийг баярлуулж ид шидийг түгээсээр иржээ.
Найз нарынхаа тухай бахархан ярьж байгаа Э.Лхагвасүрэн ч мөн ид шид түгээгч. Тэрээр 3-р хороололд амьдардаг ч өглөө эрт кафегаа онгойлгохын тулд маш эрт гэрээсээ гарна. Учир нь хүүхдүүд өглөө 8-9 цаг гэхэд кафедаа ирж сүүгээ уухаар ирээд зогсчихно. Өвлийн хүйтэнд хүүхдүүдийг даарчих вий гэж яарах тэрээр түгжрээтэй үед явж ядах автобус дотроо сэтгэл зовж яардгаа бидэнд инээмсэглэн ярина. Дулаахан тохьтой, 6000 номоос дуртайгаа унших сонголт ихтэй номтой, даалгавраа хийх сайхан ширээ сандалтай, бүүр амтлаг халуун сүүтэй энэ л газраас хүүхдүүд явах дургүй. Тиймээс Э.Лхагвасүрэн орой бүрий орохоос өмнө хүүхдүүдийг гэрт нь хариулахыг хичээж бараг хөөх шахуу юм болдог гэнэ. Учир нь Ид шидийн төв байрлах энэ л орчин яг гэр хороолол дунд байрлах бөгөөд архи ууж хөлчүүрхсэн хүмүүс дэндүү элбэг. Тиймээс нас бага хүүхдүүд айж эмээх вий хэмээн сэтгэл зовж, бүрий болонгуут заримынх нь гадуур хувцсыг өмсгөөд гаргадаг аж. Ингээд сандал ширээгээ цэгцэлж, цэвэрлэгээгээ хийсээр оройн хамгийн сүүлийн автобусанд амжиж суудаг байна. Ийнхүү бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. Цаг наргүй ажиллах түүнд саад болохыг үнэндээ хүссэнгүй.
Амттай сайхан кофе, халуун дулаан сэтгэлийн хүчинд сайхан дулаацжээ. Энэ орчлонд хүмүүн бид бүгд ижил цохилох зүрх, сэтгэх тархитай ч бидний зарим нь яагаад бусдын төлөө цохилох "том" зүрхтэй байдгийг бодно. "Лантуун дохио" ТББ-ын залуус өөрсдөө ид шидийг бүтээж байгаа ч бусдыг энэ ид шидэндээ татан оролцуулж байгаад талархнам. Учир нь би тэнд нэг аяга кофе уугаад бас хүүхдүүдэд сүүний мөнгө хандивлаж "ид шидтэн" болсон. Танд ч бас "ИД ШИДТЭН" болох боломж байна. Та ид шидийн кафег зориорой.