Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс дэх 100квт-аас дээш хүчин чадалтай халаалтын зууханд хяналт шалгалт явуулжээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 12-р сарын 13-ны өдрийн А/401 тушаалаар "Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсэд дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж буй 100квт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудын:
-Утааны шүүлтүүрийн хэвийн ажиллагаа
-Гадна талбайн камержуулалт
-Нүүрсний зарцуулалт, нөөц
-Түүхий нүүрсний хэрэглээ, бусдад түүхий нүүрс борлуулж буй эсэхэд хяналт, шалгалт хийх ажлын хэсгүүд байгуулагдаж 12-р сарын 14-нөөс, 17-ны өдрүүдэд ажилласан байна.
Үзлэг шалгалтад Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах түүхий нүүрс хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй 53, тусгай зөвшөөрөлгүй 140 аж ахуйн нэгж байгууллагаас гадна сайжруулсан түлш болон бусад эх үүсвэрээр халаалтаа шийдвэрлэсэн, үйл ажиллагаа зогссон 65 иргэн, аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан байна.
Тусгай зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрсийг халаалтын зуухандаа хэрэглэх 140 иргэн, хуулийн этгээд нь "Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах журам"-д заасан 9 нөхцөл, шаардлагыг биелүүлсний үндсэн дээр Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ, тээвэрлэгч хуулийн этгээдтэй гурвалсан гэрээ байгуулснаар түүхий нүүрс хэрэглэж байгаа юм.
Нийтлэг илэрсэн зөрчлүүдийг дурдвал: Утаа шүүгчгүй 9, утаа шүүгч нь эвдэрсэн 17, нүүрс ил задгай хадгалах18, камергүй 8 аж ахуйн нэгж, иргэн байна. Үүнд нойтон үнс баригчтай утаа шүүгч нь хүйтэн нөхцөлд хөлрөх, шүүлтүүрийн порсунк бөглөрч эвдэрсэн байдал ажиглагдсан байна.
Дээрх зөрчлүүдээс гадна Сүхбаатар дүүргийн16-р хороонд авто засвар хаягдал масло түлж байсан. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт утаа ихээр гарч буй айл өрхөөр орж шалгахад тавилгын үйлдвэрийн хавтангийн хаягдал, паркетан шалны хог шатааж байсан зөрчил илэрчээ.
Мөн шахмал түлшний хүрэлцээгүй байдал үүсээд байгаа нь борлуулагчийн хариуцлагагүй байдал болон худалдан авагч нарын картаа хэрэглэж хэвшээгүй байдлаас үүссэн гэлээ.