Цаг үеийн мэдээ

Жаргалант сумын Их жаргалант уулын Хэцүүгийн хясааны орчимд өвөлжиж буй Цагаанбургас багийн малчин А.Цогтгэрэл хэмээх айлын хөцөөний хашаанд  энэ сарын нэгнээс эхлэн буга суурьшиж, хорь гаруй хоног болж буй талаар тус сумын БОХУБайцаагч Б.Пүрэвсүрэн бидэнд мэдээллээ. Уг мэдээллийг малын тоо бүртгэлд явж байх үедээ мэдэж сумын Засаг даргад танилцуулснаар өчигдөр 5 боодол өвс, нэг шуудай хужир аваачиж өгсөн байна. Малчны хөцөө нь өвөлжөөнийхөө аманд байрладаг ба Идэрийн голоос 100 метр орчмын зайтай оршдог гэнэ. Уг бугад ил шарх сорви, эмзэглэл, ямар нэгэн өвчний шинж тэмдэг байхгүй байгааг тус сумын 3-р багийн малын эмч С.Жамъяансүрэн хэлсэн байна. Жаргалант суманд 10-р сараас эхэлж олон удаа цас орсон. Одоогийн байдлаар цасны хэмжээ 40-60 см-ийн зузаантай байгаа аж. Одоогийн байдлаар нэг настай мал байнгын тэжээлд орж, малын хорогдол гарч, зарим зам даваа хаагдсан байна.

Тиймээс цас хатуурч зузаарсны улмаас бэлчээр ховордож амьтад өвс, тэжээлийн хомсдолд орсон байж болзошгүй гэдэг урьдчилсан дүгнэлттэй байна. Малчны хөцөө хашаа уулын ам, голын ойролцоо учир их хүйтэн байдаг байна. Бугад өвс, тэжээл өгч байгаа ч хэвтэр муу тул даруй арга хэмжээ авч зохицуулах шаардлагатай байгаа ажээ. Энэхүү мэдээллийг сумын БОХУБайцаагч Б.Пүрэвсүрэн аймгийн БОАЖГазар, БОАЖЯаманд тус тус мэдэгдсэн юм.

Б.Гэрэлням

Таны сурталчилгаа