Эх дэлхийгээ хайрлах УРИАГ хүн бүр мэддэг ч хайрлах УХААНЫГ нь тэр бүр олдоггүй. Гэтэл 7 тэрбум гаруй хүнийг нуруундаа тээн байгаа дэлхий ээж тань үр хүүхэд биднээсээ дааж давшгүй их зүйл хүсдэггүй билээ. Та хуванцар савны хэрэглээгээ танаж, шаардлагагүй тохиолдолд гэрлээ унтрааж, хогоо ангилан ялгаад сурчихсан байхад л ”түүнийг” баярлуулах болно. Тэгвэл эх дэлхийгээ хайрлах гэгээн үйлсийг сэтгэл зүрхэндээ тээн энэ чиглэлээр олон ажлыг хийж бүтээж яваа шавилхан бүсгүйтэй уулзсанаа танд сонирхуулья. Түүнийг Алтангэрэлийн Очгэрэл гэдэг. Тэрээр Zero waste буюу хоггүй амьдралын хэмнэлээр амьдрагч нэгэн билээ.
З.мн: – Өдрийн мэнд? Ярилцах саналыг минь хүлээн авсанд маш их баярлалаа. Энэ уулзалт маань танд төвөг болоогүй гэдэгт итгэлтэй байна.
А.О: – Өдрийн мэнд. Танай сайтын уншигчидтай танилцахад сайхан байна. Миний хувьд өмнө нь ерөөсөө ярилцлага өгч байсангүй. Учир нь миний сонирхож, судалж, түгээж дэлгэрүүлэхийг хичээж буй Эко хэмээх үгэнд багтах бүх л зүйлсийг маркатенгийн сурталчилгаа болгохыг хүсдэггүйтэй холбоотой юм. Нэг үгээр хэлбэл эрүүл эко хэмээх үгс дээр өөрт ашигтайгаар ажиллах дургүй.
З.мн: – Яг одоогийн байдлаар та ямар ажил дээр төвлөрч байна даа? Гарт тань байгаа энэ зузаан ном энэ асуултын маань сэдэл болчихлоо.
А.О: –Гярхай байна шүү (инээнэ). Тиймээ миний мэдээллийн эх үүсвэр дандаа ном байдаг. Миний хувьд нэлээд хэдэн жилийн өмнөөс амьдралын хэв маягаа өөрчилж, зеро вэйст буюу хоггүй амьдралын хэмнэлээр амьдрахаар хичээж ирсэн. Эх дэлхий маань хүн төрөлхтөн бидний үйлдвэрлэж буй хог хаягдлаас болж асар их бохирдож байна шүү дээ. Бид хэрэглэгээ ухамсартай л болгочихвол энэ тийм ч хэцүү сонголт биш юм. Тиймээс түрүүлж мэдсэн нь мэдээгүйдээ мэдүүлж, үлгэрлэх шаардлагатай гэж бодоод "Био амьдрал" группээ нээсэн. Групп маань одоогийн байдлаар 16.000 дагагчтай олуулаа болж байгаа учраас админ миний хувьд маш олон зүйлийг сурах мэдэх шаардлага тулгарч байна. Миний хувьд дан ганц гүүглд найдаж мэдээлэл олгодоггүй, бүх зүйлс академик суурьтай байхыг чухалчилдаг.
З.мн: – Маш гайхалтай сонсогдож байна. Өөрийн тань хувьд энэ амьдралын хэв маягт хэрхэн суралцав?
А.О: –Би одоогоос 18 жилийн өмнө гэр бүлийнхний хамт Чехэд очиж тэнд их сургуулиа төгстлөө амьдарсан. Миний суурь хүмүүжил, боловсрол, төлөвшил тэр орноос эхтэй юм. Миний амьдарсан 25 мянган хүнтэй жижиг тосгоны иргэд маш ажилласаг, хичээнгүй, хэрэглээний бүхий л зүйлсийг өөрийн гараар хийдэг. Мөн тэд маш эртэч. Тэдний завгүй амьдралын хэмнэл өглөөний 5.00 цагт эхэлнэ. Цэвэр нямбай байдлыг эрхэмлэдэг энэ орны охид ганган дэгжин байдлыг биш эрүүл, бусдын сайн сайхны төлөө амьдралыг хэмнэлээ болгосон хүмүүс байсан л даа. Тэр оронд анх хөл тавихдаа ихэд ганган хээнцэр байсан охин миний хувьд аяндаа тухайн орны амьдралын хэв маягт татагдан ууссан. Өөрөө идэх хүнсний ногоогоо хэчнээн хайрлаж, элдэв нэмэлтгүйгээр тордож ургуулдгийг, талх барихдаа исгэгч, хадгалагчгүй барих жорыг, хогоо ангилан ялгаж хаяхдаа ямар их хогийг бид өөрсдөө үйлдвэрлэдэг болохоо өөрийн эрхгүй ойлгодог юм билээ. Энэ цагаас эхлээд хүн яалтчгүй хэрэглээндээ дүгнэлт хийж эхэлнэ дээ.
З.мн: - Био амьдралын хэмнэлд өөрийгөө сургасан охин эргээд эх орондоо ирэхэд хамгийн түрүүнд ажиглагдсан зүйл юу байв?
А.О: – Хүн ер нь нас явах тусам эх орон руугаа тэмүүлдэг юм билээ. Мэргэжлийн сургуулиа төгсчихөөд ирэхэд нийслэл Улаанбаатар маань маш хурдацтай хөгжсөн байсан. Үүнийгээ дагаад хүмүүсийн хэрэглээ ч илүү тансаг бэлэнчлэх тал руу ихэд хэлбийсэн байсан л даа. Мэдээж хэрэг нэг удаагийн хэрэглээний асар их хог хаягдал. Ингээд эх орондоо ирсэн миний хувьд ажлын сонголттой тулгарсан. Эзэмшсэн сэтгэл зүйч мэргэжлээрээ ажиллах уу аль эсвэл амьдралын хэв маяг философийг нь ойлгосон хоггүй амьдралын тухай ойлголтыг хүмүүст түгээх үү гээд л. Гэр бүлийнхэн маань энэ сайхан мэргэжил эзэмшиж ирчихээд хэмээн дургүйцсэн ч би хоёр дахь сонголтыг дагасан. Үүний тулд би хоёр жилийн турш тасралтгүй өөрийгөө бэлдсэн. Монгол хэлдээ тааруу, эх хэлээрээ алдаатай бичдэг байснаа засаж, энэ чиглэлийн олон ном уншиж судласан. Тэр ч утгаараа 16 мянган хүн намайг элэгсэг хүлээж авсан даа.
Би бага ч атугай хүмүүст био амьдралын тухай ойлголтыг өгч, тэд маань хэрэглээндээ анхаардаг болж байгаа нь сонголт зөв байсныг баталж байгаа юм.
З.мн: - Хоггүй, био амьдрал гэхээр огт хог гаргалгүй амьдрах нь гэсэн ойлголт байдаг шүү дээ?
А.О: – Яг зөв. Хүмүүс эхлээд ингэж боддог бас асуудаг юм. Хоггүй амьдрал гэдгийг хүмүүс жоохон буруугаар ойлгодог. Гол нь зөв гаргалгааг гаргаж, зөв мэдээллийг олох хэрэгтэй. Хоггүй амьдрал бол ухамсартай хэрэглээ л юм. Эрүүл амьдрал эхлээд байгальдаа ээлтэй дараа нь өөртэй ээлтэй байх ёстой.
Тэрнээс та хоггүй эрүүл амьдрана гээд хэрэглэж дадсан зүйлсээ огцом сольж таначихвал эсрэгээрээ стресс бухимдалд автах болно. Эхлээд та хэд хоног хогийн саван дахь хогоо ажигла. Та ямар хогийг их гаргаж байна. Эмэгтэйчүүд бидний хувьд маш олон хуванцар савтай косметик хэрэглэдэг. Хөвөн, шампунь, өдөр тутмын хэрэглэл гэх мэтчилэн өөрчилж болох юм их байна. Гэхдээ нэг дор бүгдийг солино гэж байхгүй. Тэгвэл эсрэгээрээ стрест орно. Аажмаар бага багаар солих хэрэгтэй.
Хог хаягдлын тухай ярихад хүмүүс ихэвчлэн цэвэрхэн цэгцтэй байх, хогийг зориулалтын саванд хаях, хог хаягдлыг дахин боловсруулах гэж ойлгодог. Мэдээж энэ бүгдээрээ зөв. Бид нийгмийн хөгжлөө нэг удаагийн хэрэглээтэйгээ их андуурч байна. Нойтон салфетик, нэг удаагийн аяга, соруул, уут энэ бүхэн хөгжил биш. Эдгээр хэрэглээ танд тухтай байж болох ч эргээд хор хөнөөл рүүгээ алхам алхмаар ойртож байна шүү дээ. Бид хогийг үүсэхээс өмнө хариуцлагатай зөв сонголтоор татгалзах боломжтой. Үүнийг л хоггүй амьдралын хэв маяг гээд байгаа юм.
З.мн: - Нэг үеэ бодвол иргэдийн мэдээлэл авах эх үүсвэр олон болсон байна. Мөн бидний ярилцлагыг уншаад хэрэглээндээ анхаарья гэж бодож байгаа хүмүүс мэдээж олон гарах байх. Эхний ээлжинд чухам юу хийх ёстойг зөвлөөч?
А.О: – Найзууд маань намайг маш буруу маркетингтай ажиллаж байна, энэ хийж байгаа ажил сургалтуудынхаа талаар реклам сурталчилгаа хийгээч гэдэг юм. Гэхдээ тэгж боломгүй санагддаг. Би хүмүүсийг энэ амьдралын хэв маяг руу хүчээр оруулмааргүй байна. Хүмүүс өөрсдөө сэтгэлийн дуудлагаараа л байгаль дэлхийгээ хайрлаж, тэр хэрээр хэрэглээндээ анхаарлаа хандуулах ёстой юм. Би хүнд зүгээр л сэдэл өгнө, харин тэр хүн өөрөө бүгдийг ухаж ойлговол тэр хүнд ухамсрын бат суурь болох юм. Гэхдээ үнэхээр хүсэж байгаа бол эхлээд хогоо ангилж ялгаж сураарай. Мөн шаардлагагүй хуванцар хэрэглээнээс аль болох татгалз. Хүнсний сода, кокосны тос холиод шүдний оо хийгээд угаагаад сурчих. Алимны цуу, ус, сода ижил хэмжээгээр холиод шүршигч хийж шампуны оронд үсэндээ шүршээд хэрэглээрэй. За тэгээд худалдан авалт хийхдээ сав баглаа боодлыг нь харж байгальд уусах материалаар хийсэн эсэхийг сайн харж байгаарай. Кофе шопоор үйлчлүүлэхдээ өөрийн аягаа авч ороод үйлчлүүлж байгаарай. Мөн даавуун тор хэрэглэж заншаарай.
З.мн: - Өөрийн тань зохион байгуулдаг сургалт хаана болдог вэ? Сургалтад хамрагдахыг хүсвэл тантай хэрхэн холбогдох вэ?
А.О: – Сургалтын тухайд зохион байгуулах цаг хугацаагаа Био амьдрал /Bio amidral/ групптээ зар оруулчихдаг. Мөн энэ групп маань зарим нэг хэрэглээний тухай хэлэлцүүлэг хийдэг. Жишээ эмэгтэйчүүдийн сар тутмын гол хэрэглээ болсон аягахан байна. Аягаханыг эхлээд эмэгтэйчүүд шоолж, эгдүүцэж байсан бол одоо манай дэлгүүрийн шилдэг бүтээгдэхүүн болоод байна. Би эхлээд аягаханы тухай түүний хэрэглээ, байгальд орчин болоод өөрийн эрүүл мэндэд хэр ээлтэйг зөвлөж ярилцаж, хэлэлцүүлэг хийж байж өдгөө гол хэрэглээ болоод байна. Би сургалтаа цөөн тоогоор авч дэлгүүр дотроо байрлах зориулалтын өрөөндөө зохион байгуулдаг. Сургалтаар гэрийн нөхцөлд хэрхэн гэр ахуйн цэвэрлэгээний бодис хийх, гоо сайхны серум, саван, цацлага үнэртэн хийх арга зэрэг олон зүйлийн заадаг. Мөн дэлгүүрт маань бэлэн хийсэн бүтээгдэхүүнүүдийг ч зарж борлуулдаг юм.
З.мн: - Баярлалаа, бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагаа ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг сонсоод өндөрлье.
А.О: – За ойрын хугацаанд хийх шинэ ажлууд гэвэл энэ сургалтаа хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүст хүргэмээр бна. Хөдөө орон нутагт, байгальд хог хаягдал ямар их байна вэ. Мөн хөдөө орон нутгийн иргэдийн маань зарим хэрэглээ маш буруу байна. Тэдний маань өдөр тутамд хэрэглэдэг пластик шанага ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг хэлмээр санагддаг. Ойрын хугацаанд энэ талын төсөл боловсруулж орон нутгаар явна даа. Ер нь нэг үеэ бодвол нийслэл хотын иргэдийн энэ талын ойлголт арай өөр болсон.
Бидний ярилцлага маш олон сэдвийн хүрээнд өрнөсөн ч энд бүгдийг нь буулгах боломжгүй байлаа. Олон зүйлийг сэтгэж, түүнийгээ эхнээс хэрэгжүүлж, өөрөөрөө үлгэрлэж яваа энэ бүсгүйгээс эх дэлхийгээ хайрлах ухаан чухамдаа өөрийгөө, үр хүүхдээ хайрлах ухаан юм гэдгийг мэдэрсэн юм. Тэрээр био хүнс бараа худалдаалдаг бяцхан дэлгүүртээ бусад жижиг бизнес эрхлэгч ээжүүдийн барааг ч мөн борлуулж өгдөг аж. Гэхдээ тэр нь зөвхөн эко бүтээгдэхүүн байх ёстой гэсэн шалгууртай. Дэлгүүрийнх нь орчин яг л энэ бүсгүйг илтгэх мэт. Ногоон цэцэгс дэлгүүрийнх нь гол гоёл бол бөөрөн дээр нь цэцэг зурсан тарагны шил гэрлийн авжурыг нь орлох аж. Олондоо бус цөөнөөр тууштай зүтгэвэл санасан зүйлс нь бүтнэ дээ гэсэн бодолтой тэндээс гарлаа, чамд амжилт хүсье.