Эрүүл мэндийн яам, Улсын гуравдугаар төв эмнэлэг “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх арга хэмжээ” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгуулав.
“Монголын зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төслийн хүрээнд ЭМЯ, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, НЭМГ, Дүүргийн эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургуулиудын захирал, эрүүл мэндийн багш, нийгмийн ажилтнууд мөн сургуулийн эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл оролцож, эцэг эхчүүдийн оролцоонд тулгуурлан сурагчдыг хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэн эрүүлжүүлэх талаар ярилцсан юм.
Учир нь манай улсад гүйлсэн булчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүсийн дөрөвний нэг, хэрхийн шалтгаант зүрхний өвчтэй хүмүүсийн 9 хувь нь 10-19 насны хүүхэд, өсвөр насны залуучууд байгаа аж. 2017 онд Улаанбаатар хотын зарим сургуульд хийсэн урьдчилан сэргийлэх үзлэгээр 10 хүүхэд тутмын нэг нь өвчлөх эрсдэлтэй гарчээ.
Мөн хоолойн ангины гаралтай хэрх өвчин нэмэгдэж байгааг эмч нар анхаарууллаа. Энэ өвчнөөр улсын хэмжээнд 28 мянган хүн өвчилсний 60 хувь нь 18 хүртэлх насных, үлдсэн нь 30 хүртэлх насныхан байгаа аж.
Хэрхийн шалтгаант зүрхний өвчин (ХШЗӨ) нь А бүлгийн цус задлагч бетта стрептококкоор үүсгэгддэг гүйлсэн булчирхайн үрэвслийн хүндрэл бөгөөд эцэст нь зүрхний гажгийн улмаас мэс заслаар эмчлэгдэхэд хүргэдэг байна. Энэ өвчнөөр буурай хөгжилтэй болон хөгжиж буй орны хүүхдүүд өвчлөх нь элбэг байдаг аж.
Иймд сургууль эцэг эх, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагаанд суурилан ХШЗӨ-ний эрсдэлтэй хүүхдүүдийг эрт илрүүлж хяналтад авч эмчлэх, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг өргөжүүлэх талаар зөвлөлдөх уулзалтын үеэр тус тус хэлэлцсэн юм.