Манай улсад гүйлсэн булчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүсийн дөрөвний нэг , хэрхийн шалтгаант зүрхний өвчтэй хүмүүсийн 9 хувь нь 10-19 насны хүүхэд, өсвөр насныхан эзэлж байна. Тиймээс эцэг эхчүүдийн нийгмийн хариуцлага оролцоонд тулгуурлан сурагчдыг хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлж эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг сайжруулах талаар мэдлэгийг олгох нь чухал байгаа юм.
2017 онд Улаанбаатар хотын зарим сургуульд хийсэн урьдчилан сэргийлэх үзлэгээр 10 хүүхэд тутмын нэг нь хэрх өвчний эрсдэлтэй гарсан юм. Хэрхийн шалтгаант зүрхний өвчлөл нь А бүлгийн цус задлагч бетта стрептококк хэмээх нянгаар үүсгэгддэг гүйлсэн булчирхайн үрэвслийн хүндрэл юм. Энэ нь эцэст нь зүрхний гажигаар хүндэрч хүний эрүүл мэнд, санхүүгийн хувьд эрсдэл бүхий өндөр өртөгтэй мэс заслаар эмчлэгдэхэд хүргэдэг байна. Орчин үед хөгжилтэй орнуудад хэрхийн шалтгаант зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлж улмаар хүндрэлд хүргэхгүйгээр бүрэн эмчилдэг болжээ. Харин буурай хөгжилтэй болон хөгжиж байгаа орны хүүхдүүд энэ өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг байна. Манай орны хувьд сургууль, эцэг эх, эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагаанд түшиглэн хэрх өвчний эрсдэлтэй хүүхдүүдийг эрт илрүүлж эмчлэн эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх талаар мэдлэг олгож байна. Мөн сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг өргөжүүлэх нь өвчлөлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Хэрх өвчний өвчин зүйн өөрчлөлт бол үе мөчний зөөлөн холбох эд хатуурах, хавдах, хавагнах үе хоорондын зайд өөрчлөлт гарах, үе мөчний уян зөөлөн чанар алдагдаж хөшингө үүсэх зэрэг юм. Энэ өвчнөөс бага наснаас нь эхлэн урьдчилан сэргийлэхийн тулд хоолойны ангиныг үүсгэдэг амны хөндийг эрүүлжүүлэх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд аян өрнүүлж байна. Шүдийг зөв угааж сурах, дадал хэвшүүлэх сургагч багш нарыг мөн бэлдэж байгаа юм.