Москвагийн төвд Улаан талбайгаас холгүй оршдог Холбооны Аюулаас Хамгаалах Газрын (ХАХГ) төв байрны гадна өчигдөр орой зэвсэгт халдлага гарсан байна.
Сүүлд аюулаас хамгаалах албаныхан зэвсэгт этгээдийг буудан хөнөөжээ. Халдлага үйлдсэн этгээд хэн болох, ямар зорилготой байсныг зарлаагүй байна. Telegram-ийн мэдээллэж байгаагаар 39 настай Евгений Манюров гэх этгээд гал нээсэн бөгөөд гэрээсээ гарахдаа буудлагын тэмцээнд орохоор явлаа хэмээн ээждээ хэлжээ.
Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины жил тутамд гадаад, дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулдаг нүсэр уулзалт болж, орон даяар үзүүлж байсан юм. Энэхүү уулзалт 4 цаг үргэлжилж, уг үйл явдал болсоноос 1 цаг орчмын дараа гал нээсэн байна. Түүний ямар зорилгоор гал нээсэн нь одоогоор тодорхойгүй бөгөөд Оросын аюулгүй байдлын ажилтнуудын өдөр өдөөн хатгах үйл ажиллагаа байсан байж болзошгүй гэж үзэж байна. Зарим эх сурвалжууд анх гэмт этгээдүүд гурвуулаа байсан, эхний хоёр нь ХАХГ-ын нэвтрэх хэсэгт амиа алдсан бол гурав дахь этгээд цагдаа нараас зугтаан, хажуугийн байр руу гүйж байхдаа буудуулсан гэж мэдээлсэн. Гэвч FSB-ийн зүгээс энэ мэдээллийг няцаасан байна. Мөн хэрэг явдлыг нүдээр харсан гэрчүүд түргэн тусламжийн таван машин ирээд явсан гэдгийг ч баталжээ.
ХАХГ байрладаг барилгыг Любянка гэж албан бусаар нэрлэдэг бөгөөд Сталины үед энэ барилгын хонгилд олон мянган хүнийг буудан хороож байсан гэдэг.