Австрали Улсын ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр ард иргэдээсээ уучлалт хүслээ. Тус улсын ихэнх хэсэгт буюу 100 гаруй өөр бүсэд хэт их хуурайшилтаас болж ойн хээрийн түймэр асаж байгаа бөгөөд галыг унтраалцхад туслахаар сайн дураараа ажиллаж явсан 2 иргэн авто машины ослоор нас барсан юм.
Харин энэ үед тус улсын ерөнхий сайд АНУ-ын Хавайд баярын амралт тохиолдуулан гэр бүлээрээ амран, аялж явсан юм. Үүнийг мэдсэн иргэд улс эх орон нь тэр чигтээ шатаж , олон арван ан амьтан, оршин суугчид нь орох орноо алдаж, бэртэж, гэмтэн амиа зольж байхад зугаалаад явж байна хэмээн бухимдаж байна. Иймд ерөнхий сайд “аль болох хурдан баярын амралтаа дуусган эргэн очно” хэмээн уучлал хүсэж мөн амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлжээ.