Өнөөдөр балчир гурван ес эхэлж байна. Мөн жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохионо. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог.
Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг балчир гурав, идэр гурав, өтөл гурав гэж хуваагдаг. Ес, ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч Монголчууд хаврын улиралтай золгодог. Хэдийгээр нар наашилж байгаа ч Монгол тооллоор өнөөдрөөс хүйтний эрчийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлнэ. Өвлийн ес эхлэнгүүт мал ахуйгаа адгуулан хариулах үйлд ч бас өөрчлөлт орж, үслэг зузаан хувцас хунараа өмсөн хээрийн бэлчээрт явах нь ихэсдэг.
Манай умард хагас бөмбөрцөгт өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг. Далайгаас бусад гол мөрөн, нуур цөөрөм бүгд хөлдөж, булгийн ус тавладаг.
Өвлийн туйлаас эхлэх есний тооллыг өөрөөр өвлийн есөн ес гэж нэрлэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, өвлийн туйлын өдрөөс буюу 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр “есөн ес” хүртэл тоолдог байна.
Үүнд,
БАЛЧИР ГУРВАН ЕС
Нэг есд нэрмэл архи хөлдөнө
Хоёр есд хорз архи хөлдөнө
Гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
ИДЭР ГУРВАН ЕС
Дөрөв есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө
Таван есд тавьсан будаа хөлдөхгүй
Зургаа есд зурайсан зам гарна
ӨТӨЛ ГУРВАН ЕС
Долоо есд довын толгой борлоно
Найман есд нял шал болно
Есөн есд ерийн дулаан болно гэдэг билээ.
Сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн наян нэгэн хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваагдаг ажээ.