Цагдаагийн ерөнхий газраас санаачилсан “Хүүхэд хамгаалагч” төслийг МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас дэмжиж, ХНХ-ын сайдын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/116 дугаар тушаалаар “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг 2019 онд хэрэгжүүлэхээр батлагдсан. Энэхүү төсөл нь хүүхэд бүрийн гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлэх, хүүхэд бүрийг аливаа эрсдлээс хамгаалах зорилготой юм. “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг нийслэлийн 152 хороонд тус бүр 1 хүүхэд хамгаалагч, 21 аймагт тус бүр 2 хүүхэд хамгаалагч, улсын хэмжээнд нийтдээ 194 Хүүхэд хамгаалагч ажиллуулж, Хүүхэд хамгаалагч тус бүр сайн дурын 10 ажилтантай хамтарч ажиллах үүрэгтэйгээр ажиллаж байна. "Хүүхэд хамгаалагч” төслийн хүрээнд төөрсөн 19 хүүхэд, цасан болон шороон шуурганы үеэр хараа хяналтгүй явсан бага насны 183 хүүхдийг гэрт нь хүргэжээ. Мөн РС тоглоомын газар, гудамжинд архидан согтуурсан зэрэг зөрчлийн 28 дуудлага мэдээллийг илрүүлэн цагдаагийн байгууллагад мэдээллэж, зөвшөөрөлгүй газар тамхи татсан, олон нийтийн амгалан байдлыг алдагдуулсан гэх мэт 106 зөрчлийг таслан зогсоожээ. Түүнчлэн “Хүүхэд хамгаалагч” ахмад ажилтнуудаас хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан зарим тохиолдлыг дурдвал Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хүүхэд хамгаалагч Ү.Орхон 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа 4 давхарын цонхоор унах гэж байсан 4 настай О-ийн амь насыг аварч, эцэг, эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэж өгч, цаашид хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр биечлэн зөвлөгөө өгч ажилласан байна. Цаашид уг төслийг 2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.