Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр болсон билээ.
Улмаар шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутайд тооцон, дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг.
Тэгвэл шүүгдэгч нар өмгөөлөгчөөрөө дамжуулан Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн Хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.