Цаг үеийн мэдээ

133 дугаар сургуулийн эцэг эхийн төлөөлөл "Монгол тэмүүлэл" сургуулийн эцэг эхийн зөвлөлд хүсэлт тавьсан байна. Дээрх 2 сургуулийн сургалт явуулах байрны асуудал олон сар дамжин яригдаж олны анхаарлын төвд хэвээр байгаа. Ирэх 2020 оны төсөвт "Монгол тэмүүлэл" сургуулийн барилга барих ажилд 7 тэрбум төгрөг төсөвлөгдсөн учраас нийслэлийн 133 дугаар сургуулийн байрыг чөлөөлж өгөхийг хүслээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хүүхдүүд харьяаллын дагуу 133 дугаар сургуульд суралцах хуваарилалтыг хийсэн. Гэтэл тус сургуулийн байранд “Монгол тэмүүлэл” болон 133 дугаар сургууль гэх хоёр сургууль давхар хичээллэдэг бөгөөд 133 дугаар сургууль нь дөрвөн ээлжээр хичээллэж 2 улирлыг өнгөрөөсөн нь сурагчдын суралцах эрхэд сөргөөр нөлөөлж байна гэж мэдэгдлээ.

            133 дугаар сургууль 1600 гаруй сурагчидтай 08-11, 11.30-13.30, 13.30-15.30, 15.30-19.30 цагийн хуваарьтай дөрвөн ээлжээр хичээллэдэг. Анги сэлгэлтийн хугацаа 10-15-хан минут байдаг учир цэвэрлэгээ агааржуулалт хангалтгүй, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ханиад томуугаар өвчлөх нөхцөл бүрдэж байгаа аж.

Мөн жирийн сургуулиуд өдөрт дунджаар 4-5 цаг хичээллэдэг бол 133 дугаар сургууль өдөрт 2-3 цаг хичээллэж буй нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж, хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна гэдгийг эцэг эхийн төлөөлөл хэллээ.

            Саяхан баталсан улсын төсөвт "Монгол тэмүүлэл" сургуулийн барилгыг барихад зориулж 7 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолон ирэх онд 3,5 тэрбумыг төсөвлөжээ. Боловсролын яамнаас "Монгол тэмүүлэл" сургуулийн сурагчдыг худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн 1 давхарт  түр хугацаанд хичээллүүлэх шийдвэр гарсан ч тус сургуулийн эцэг эхчүүд кембрижийн тогтолцоотой сургууль стандарт сургуульдаа хичээллэнэ гэсэн байр суурьтай байгаа юм. Тиймээс 133 дугаар сургуулийн эцэг эхчүүд шинэ барилгын төсөв тусгагдсан учраас сургуулийг чөлөөлж хэвийн ажиллах боломжийг нээж өгөхийг хүсэж байгаа аж.

 

Таны сурталчилгаа