Цаг үеийн мэдээ

СЭТГҮҮЛЧИЙН НЭГ ӨДӨР

            Тархины саажилттай хүүхэд 1000 төрөлт тутамд 1,5 хүүхэд төрдөг бөгөөд энэ нь 2000 хүүхдээс гурав нь ийм өвчтэй төрж байгаа гэсэн үг юм.

Азтай хувь тавилангаар бяцхан үртэй болсон ч эх баригч эмчийн буруугаас тархины саажилттай болж, улмаар амь насаа алдсан бяцхан хүүгийн ээжийн хүсэлтийн дагуу нийтлэлээ үзэглэж байна.

            /Энэхүү нийтлэлийн эздийн хүсэлтийг хүндэтгэж, гэрэл зургийг нийтлэхгүй болно./

            Нийтлэлийн маань эзэд хайр сэтгэл үнэн зүрхний үгсээ хэлэлцэн гэр бүл болсон жирийн л залуус. Угтан ирэх амьдралынхаа жаргал, зовлон бүхнийг хамт туулах андгай тангараг өргөсөн залууст аз жаргалын дуудлага ирж, гэргий нь хөл хүнд болжээ. Хүсэн хүлээсэн жаахан үр нь өдөр хоногоор өсөн бойжиж буйг илтгэн эхнэрийнх нь хэвлий томорсоор. Хоног өдрөөр төрөх хугацааг нь тоолох шиг жаргал залуу эцэг эхэд үгүй. Дундаа хөтлөөд явах үрдээ өгөх нэрийг нь ярилцаж, ирээдүйд эзэмших мэргэжлийг нь сонгон зөвшилцөх хүртэл дэндүү жаргал. 

            Хүсэн хүлээсэн мөч ирлээ. Эцэг эхдээ жаргал бэлэглэж, эх орондоо бүл нэмсэн жаахан хүү гэрэлт орчлонд мэндлэхээр яаран тэмүүлж, ижий нь шөнөжин өвдсөөр, нар мандахтай зэрэгцэн мэндэллээ. Удаан өвдөж тамирдсан бүсгүй арайхийн хоёр яс салж, хүү бага зэргийн бүтэлттэй ч эсэн мэнд төрсөн тухай мэдээллийг эх баригч эмч өглөө. 

            Гэсэн ч хүү нь орчлонг хадаан часхийтэл уйлсангүй. Гэлээ гээд залуу ээж энэ тухай ихийг бодсонгүй. Бүсгүй  эмнэлгээс гарч, залуу аав ээжид шинэ хүндээ зориулсан ажлууд ар араасаа ундарна. Өдөр хоногоор өсөн торниж буй хүүд нь уцаартай, уйламтгай, хөхөө сайн хөхөж чадахгүй, хөхсөн даруйдаа гулгичихдаг гээд бэрхшээлүүд ажиглагдаж эхэллээ. Мөн удаан уйлбал хөхрөөд татчихна. Энэ бүгдийг бүтэлттэй төрсний илрэл хэмээн эцэг эх нь өөрсдийнхөөрөө оношилж байсан ч мэргэжлийн эмчид үзүүлээд байдал өөр болохыг ойлгожээ.

            Нарт хорвоод жаргал бэлэглэх жаахан хүү нь тархины саажилттай гэх оношийг сонсоод энэ бүхэнд итгэхийг хүссэнгүй.          Хэнд ч гэм хийгээгүй жаахан хүүг минь яагаад ийм зовлон дайрна вэ? Уйлах нулимсанд дундрах сав, гуниглах зовлонд эцэслэх төгсгөл гэж байдаггүй аж. Амьдрал хатуурхах үедээ хэнийг ч өршөөдөггүй үнэнтэй эвлэрэх хүсэл эцэг эхэд нь байсангүй. Өврөөс унасан яс махны тасархай эвий доройхон хүүгээ өргөж асрах тамир хэзээ тасарна тэр хүртэл тэмцэхээ хоёр биедээ андгайллаа.

ХҮҮ МИНЬ ЗААВАЛ ЭДГЭНЭ...

            Саажилт эхэлсэн цагаас л хөдөлгөөний хомсдол үүсэж эхэлдэг нь уг өвчний өршөөлгүй дарангуйлал. Хүү өсөж томрох тусмаа насандаа үзүүлэх рефлексүүдийг бүгдийг нь хийж чадахгүй ч аав ээжийн горьдлого тасарна гэж үгүй. Энэ бүх хугацаанд ээж нь хүүгээ асарч гэртээ суун, аав нь ажил хийн амьдралаа залгуулна. Бор хоолонд орох тусам өөрөө хооллож зажилж залгиж чадахгүй учраас хоол тэжээлийн дутагдалд амархан орж, элдэв өвчинд ээрүүлэх нь элбэг. Байнгын хэвтэрт байх хүүгээ өдөрт заавал усанд оруулж хүзүү, суга, цавь, нуруу, өсгийнд тос түрхэнэ. Энэ арчилгаа нэг л хоног алдагдвал эдгээр зөөлөн эмзэг газрууд нь нурж тасархайтна.

Гуурсаар хооллож сураагүй учраас хоолыг нь эвтэйхэн залгиулахгүй бол шингэхгүй, буруу залгисан хоолны зарим хэсэг уушги рууорж үрэвсүүлэх магадлал өндөр.

            Ийм байдлаар өдөр хоног өнгөрсөөр хүү гурван нас хүрлээ. Халдварт өвчин тусчихгүй бол давгүй байсан хүү ханиад хүрчихэв. Угийн дорой бие нь өвчин эсэргүүцэх тэнхэлгүй байсаар антибиотикийн хордлогод орж улам бүр доройтлоо. Гэрээр эмчилгээ авахгүй хүүгээ аваад Эх нялхасын эмнэлэгт тасагт хэвтсэн ч эмчилгээ авалгүй улам дордон сэхээн амьдруулах тасагт шилжжээ. Үхэл амьдралын заагт удаан тэмцсэн бяцхан хүүгийн бие арай дээрдэж, жирийн тасагт хэвтэж байгаад гарсан ч байдал дээрдсэнгүй. Байнгын хэвтрээс арьс нь үнгэгдэн цоорч, хүнд өвчинд дотроосоо ээрэгдэн байнгын гинших хүүгээ харах бүрийд элэг зүрх эмтэрнэ. Аль сайн эмч, эмнэлэг бараадсан ч хүүд эдгэрэх найдлага даанч үгүй хатуу үнэнд эцэг эх хоёр нь гүйцэгдэж байлаа.

            Дээр нь эмчилгээгүй болсон өвчтнийг хүлээж авдаг эмнэлэг даанч ховор. Өвчилж шаналсан бүхнийг алга тосон авч эмчилж сувилах ёстой эрүүл мэндийн байгууллагын энэ асуудал хүнлэг энэрэнгүй нийгэмд байж боломгүй асуудал ч энэ бүхний хариулт тун энгийн. Өвчтөн эмнэлэгт нь ирээд нас барвал жилийн эцсээр тухайн эмнэлэг нас баралт ихтэй гарч эмнэлэгийн үзүүлэлт доош татагдаж улмаар цаашид үйл ажиллагаа явуулах байдалд ч асуудал үүсдэг гэжээ.

            Ам руу хоол гулсуулахаар залгичихдаг хүү нь хоолоо ч идэж чадахаа болилоо. Аргагүй эрхэнд хоолой руу гуурс шургуулан хооллох боллоо.  Тамиргүй болсон хүү хоолоо шингээж чадахаа больж, шингээгүй хоолыг буцаан татаж гаргаад ахиад өөр хоол хийнэ. Хооллохоос илүүтэй зовоох энэ үйлдэл байнга давтагдах нь хэцүү.Үнэхээр эх үр хоёрын нандин холбоо сэжим тасрахгүй тулдаа бяцхан үр нь тэсэж байх шиг. Өдөр ч шөнө ч байнгын өвдөлтөд хүү гиншигнэн ёолно. Дэндүү хүнд өвчиндөө тэсэн ядаж буй бяцхан хүүг хараад мах цусаа таслан байж төрүүлсэн эцэг эх нь битий хэл харийн элгийн хүйтэн цустан ч тэсэж тэвчихэд бэрх зовлон.

ЭДГЭХ НАЙДЛАГА ТАСАРЧЭЭ...

            Аргаа барсан эцэг эх хүүгээ ядаж өвдөлт хэмээх аймшигт зүйлийг мэдрүүлэлгүйн тулд хөнгөвчлөх эмчилгээ хийдэг эмнэлэгт хандлаа. Өвчин намдаах тариа хүүг арай л тайвшруулах ч хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх эмнэлэгт хандах хүмүүсийн дараалал дэндүү их тул заасан хугацаат өдөр дуусаж, эцэг эх хүүгээ аваад гэртээ гарав.

            Өнөөх л өвдөлт, жаахан хүүгийн тамир тасрам гинших дуу. Хэзээ ч эдгэхгүй жаахан үрээ нүднийхээ өмнө тарчлаан зовоож, хэдийд улаан гол тасрахыг хүлээж суух шиг амьдын там үгүйг энэ эцэг эх биеэрээ, сэтгэл зүрхээрээ уураг тархиараа мэдэрнэ. Хэчнээн аймшигтай өвдөж байгаагаа үгээрээ илэрхийлж чадахгүй бяцхан үрийнхээ аньсага завсраар урсах нулимсыг арчин суухдаа ижий аавд нь үүрд унтуулах тариа хийгээд үрийг нь өвчин шаналлаас бүрмөсөн салгаад өгөх ачтан үгүй гэж үү хэмээх бодол олон төрж байснаа энд өгүүлсэн.

            Энэрэнгүй энэ нийгэмд ийм асуудал даанч хориотой ч энхрий үрээ зовж тарчлахыг хараад суух шиг  илүү харгис үйлдэл үгүй байж. 

            Нарт хорвоод дөрөвхөн жил амьдарсан жаахан хүү нь бурхны оронд одсоон...

            Аав ээжийнх нь зовлон шаналал бага ч болов нимгэрч нуруун дахь ачаа хөнгөрсөн. Гэхдээ өвчтэй бяцхан үрээ асарч байхдаа энэ аав ээж ядраагүй, түүртээгүй бас зовоогүй. Харин аав ээждээ эрхэлж, амттан бүхнийг идэх гэж зөрүүдэлж, дуртай тоглоомоо авахуулах гэж туньж үзээгүй жаахан үр нь өөрөө зовлонг үүрч байсан. Одоо үр нь бурхны орондоо одож, аав ээждээ эрүүл саруул болоод эргээд мэндэлнэ гэх итгэлийг тээсэн учраас тэдний сэтгэл дэх бул хар чулуу жаахан нимгэрнэ.

Тархины саажилттай хүүхэд 1000 төрөлт тутамд 1,5 хүүхэд төрдөг бөгөөд энэ нь 2000 хүүхдээс гурав нь ийм өвчтэй төрж байгаа гэсэн үг юм.  Уг өвчнийг 100 хувь төгс эмчлэхэд хэцүү ч уйгагүй эмчилгээ, дасгал хөдөлгөөн, сэргээн засах сувилгааны үр дүнд засал тохиолдол олон бий. Эх баригч эмчийн санамсаргүй гаргасан ганцхан минутын буруу үйлдэл, алдаа хорвоод мэндлэх үрсийн ирээдүйн тавиланг ийнхүү баллуурдана.  Тиймээс эмч та хариуцлагатай байгтун!

Энэхүү нийтлэлийн эзэд энэ зовлонг амсаж буй олон олон хүүхэд, эцэг эхийн зөвхөн ганц төлөөлөл гэдгийг санаарай. Бие биенээ хайр түгээж амьдарцгаая.

 

 

 

 

Таны сурталчилгаа