Японы нийслэл Токио хотноо ирэх онд зохион байгуулах Олимп, Паралимпын наадмын гол цэнгэлдэх хүрээлэнг олон нийт анх удаа үзэж сонирхжээ.
Олимпын наадмын онтой ижил тоо бүхий 2020 хүнийг сонгосон бөгөөд шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн гүйлтийн замыг шалгах зорилгоор тэмцээн зохиосон байна. Тэд 400 метр гүйлтийн замыг нэг тойрсон бол зарим нь 50 метрийн буухиа гүйлтэд оролцсон байна.
Токиогийн Олимпын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа болох энэхүү цэнгэлдэх хүрээлэн 60 мянга орчим хүний суудалтай бөгөөд гүйлт, хөл бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулна. 152.9 тэрбум иен буюу 1.4 тэрбум ам.долларын өртгөөр байгуулсан уг цэнгэлдэх хүрээлэнг Япон барилгын уламжлалт хэв маягийг шингээн барьсан бөгөөд 47 мужаас авчирсан модыг ашиглажээ.