СБД дэх Цагдаагийн газраас “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Улаан загалмайн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ. 2019 оны байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрээр тэнүүчлэн амьдардаг, орон гэргүй 120 орчим иргэн бүртгэгджээ. Орон гэргүй тэнэмэл иргэдийн нийгмийн хамгааллын болон бусад нийгмийн үйлчилгээ болох тэтгэвэр, тэтгэмж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, тусламжийн гадна үлдэж, оршин суугаа хаяг нь тодорхойгүй шалтгааны улмаас нийгмийн харилцаанаас гадуурхагдаж байдаг.
Эдгээр иргэдийн ихэнх хувь нь архины хамааралтай иргэд байсан бөгөөд дээрх иргэдийг бүртгэлжүүлэхээс гадна халуун хоол, цайгаар үйлчилж хүнс тэжээл, дулаан хувцас хэрэглэлийн тусламж дэмжлэг үзүүлжээ. Мөн халуун усанд оруулах, үсийг нь засах, ДОХ, тэмбүү, сүрьеэ болон бусад эрүүл мэндийн ерөнхий үзлэгт хамруулсан байна.Түүнчлэн эдгээр иргэдэд гэмт хэрэгт өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх, согтууруулах ундааны хор уршгийн талаар мэдлэг олгож “Амьдрах ухаан төв” төрийн бус байгууллагад хүлээлгэж өгөх ажлыг хэрэгжүүлж байгаа аж.